Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Компанийн шинэ жилийн мэндчилгээг iPhone-оор илгээсэн ажилтнуудаа Huawei шийтгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын Huawei компани дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгчийн байр суурийг Apple компанитай булаацалдан өрсөлддөг билээ.

Тэгвэл тус компани шинэ жилийн мэндчилгээгээ твиттер сүлжээнд тараахдаа өрсөлдөгчийнхөө iPhone гар утсыг ашиглаж алдаа гаргасан юм. Huawei компанийн албан ёсны твиттер хуудсанд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр нийтлэгдсэн “Happy 2019” мэндчилгээ нь “Twitter for iPhone” гэсэн тэмдэглэгээтэй байжээ.

Энэ нь мэндчилгээг нийтлэхдээ iPhone гар утас ашигласан гэсэн үг юм. Хүмүүс шуугиж эхэлмэгц Huawei компани энэхүү мэндчилгээгээ устгаж, шинэ мэндчилгээгээр сольсон байна.

2018 онд анх удаа 200 сая гар утас зах зээлд нийлүүлж, сүүлийн хоёр улирал дараалан дэлхийн топ гар утас үйлдвэрлэгчийн дэд байрыг Apple-аас булаагаад байгаа Huawei компанийн хувьд энэ нь ичмээр явдал байв.

Тус компанийн урд одоо зөвхөн Өмнөд Солонгосын Самсунг Электроникс байгаа юм.

Бас Huawei компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоу АНУ-ын захиалгаар Канадад баривчлагдаад байгаа цаг үед энэ явдал тохиож байна.

Тэгвэл Хятадын гар утас үйлдвэрлэгч iPhone-оос мэндчилгээг цацаж алдаа гаргасан хоёр ажилтнаа албан тушаал бууруулж, сарын цалинг нь тус бүр 5,000 юаниар ($727) бууруулж шийтгэсэн тухай мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр таржээ.

Компьютерынх нь интернэт холболт асуудалтай байсан тул маркетингийн хоёр ажилтан Хонг Конгийн операторын SIM карттай iPhone утаснаас мэндчилгээг цацахаас өөр аргагүй болсныг Huawei компани тайлбарласан байна.

Твиттер сүлжээ Хятадад хаалттай байдаг тул тэд VPN холболт ашиглан мэндчилгээгээ дамжуулах гэж байжээ. Гэтэл VPN холболтод алдаа гарсан тул он солигдохоос өмнө амжиж гар утаснаас явуулсан нь энэ юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post