Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Саппоро зэрэг 5 уулзварын хоёр түвшний огтлолцол бүхий гүүрний зургийг дуусгасан. Санхүүжилтийг хэлэлцэж байна"

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ИТХ-ын дарга С.Амарсайханд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын явц, эхний үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Тус ажлын хэсгийн гүйцэтгэлтэй ИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөрсөн аравдугаар сард танилцжээ. Тухайн үед зарим ажлыг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх үүрэг даалгаврыг ажлын хэсэг аваад байсан юм.

 

Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн дарга Д.Одбаяр "Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн цагдаагийн албатай хамтран зарим уулзварууд дээр шар хөндлөн зураас хийх, хяналтын камер байршуулах, шар хөндлөн зураас бүхий уулзварт нэвтэрсэн тээврийн хэрэгслийн жолоочид гэрээр торгуулийн хуудас ногдуулах зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэж дуусаад байна.

Мөн замын хөдөлгөөнд иргэдийн гаргаж буй зөрчлийг мэдээлэх зориулалттай Epolice аппликэшнийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус программыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийт 12,000 гаруй утас, төхөөрөмжид татагдаж нийт 3,500 гаруй замын хөдөлгөөнд гарсан зөрчлийг ирүүлснээр нотлох баримтын дагуу шаардлага хангасан 1,800 орчим зөрчилд хариуцлага тооцож ажиллалаа.

Төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн эдгээр ажлуудаас гадна бид Боловсролын газартай хамтран сургуулийн бага ангийн сурагчдыг сургуулийн автобусаар тээвэрлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, ажлын хэсэг сургуулийн болон нийтийн тээврийн газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна" хэмээн танилцуулав.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Энэ онд нийт хотын төвийн зарим замыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын холбоос замыг барих зэрэг ажилд нийт 14 километр авто замыг тавихаар төлөвлөөд байна.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй төлбөртэй зогсоол нийт 17 ширхэг байсан бол ажлын хүрээнд бусад зогсоолуудтай хамтран ажиллаж 42 зогсоолыг албажуулаад байна.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш нийт 20 уулзварыг хоёр давхар огтлолцол гүүртэй болгохоор төлөвлөж байснаас Яармагийн гүүр одоогоор ашиглалтад ороод байна.

Энэ онд мөн Замын цагдаагийн уулзварын хоёр түвшний огтлолцол бүхий гүүр хийгдэж дуусахаар байна. Үлдсэн 18 уулзвараас зургаан уулзварын хоёр түвшний огтлолцол гүүрний зураг, төслийн ажлыг хийж дууслаа.

Үүнд Таван шар, Саппорогийн уулзвар, Баянбүрдийн тойрог, Зуун айл, Дарь-Эхийн уулзварууд багтаж байгаа юм. Мөн санхүүжилтийг БНХАУ-ын EXIM банкнаас гаргуулахаар хэлэлцэж явж байна. 

Эдгээр уулзваруудыг огтлолцол болгож, явган хүний гүүрэн гарцыг барьснаар тээврийн хэрэгслүүд ойр ойрхон уулзвар, олон гэрлэн дохионд зогсох шаардлагагүй болж, түгжрэл буурах юм.

Улаанбаатар хотын төвийн авто зам одоогоор хангалттай тавигдаад байгаа учир 2019 онд иргэдээс ирсэн санал, хүсэлт болон авто замын мастер төлөвлөгөөний дагуу манай хотын гадна тойрог болох гэр хороолол руу чиглэсэн авто замыг тавих ажлыг түлхүү гүйцэтгэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Мөн эдгээр ажлуудаас гадна энэ жил нийслэлийн зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөөд байгаа тухай албаныхан мэдээлэв.

Тухайлбал, 3-4-р хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн арын 22, 22А байрын урдах зам, Баянгол дүүргийн 13,14-р хорооны "Өргөө”-гийн гудамжны зам, Драгон төв, нэгдүгээр хорооллын арын Өнөр хороололтой холбосон замыг тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж, саналаа тусгаад байгаа аж.

Мөн өмнө дурдсанчлан хотын түгжрэл үүсэж буй асуудал дунд бага ангийн сурагчдыг сургуульд нь хүргэж өгөх асуудал замын түгжрэлийн томоохон эх үүсвэр болж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар зөөвөрлөх асуудлыг Тээврийн цагдаагийн алба хэрэгжүүлэхээр судалж эхлээд байгаа аж. 

Судалгаагаар хувийн хэвшлийн сурагчид нэгдсэн автобусаар хүүхдийг зөөж болдог хэдий ч улсын сургуулиуд энэ талыг огт хэрэгжүүлэх сонирхолгүй байна. Улсын сургуулиудад хэрэгжүүлэхийн тулд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн тээврийн газартай хамтран, тодорхой цагийн хуваарь, маршрутын дагуу явдаг автобусыг гаргах тухай мөн хэлэлцэж байгаа юм байна.