Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 42 хувиар нэмэгджээ!

ikon.mn
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61,887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4,  13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2,007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авжээ.

Нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2,239 орон дээр 2,272 хүн хэвтэн эмчлүүлж, нийт орны ачаалал 1.5 хувь, хүүхдийн орны ачаалал 42.0 хувиар тус, тус нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90.4 хувийг амьсгалын замын өвчтэй хүүхэд эзэлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 1,019 хүүхэд ирж үйлчлүүлж, 234 тохиолдол буюу 35.1 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-аар 234 хүүхэд үйлчлүүлсэн бол, зөвлөх утсанд  82 хүн ханджээ.

Эмнэлгийн орны хүрэлцээний талаар:

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос  энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.  

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 164 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 84 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Мэдрэлийн тасгийн 40 ор, нөөцөөс 44 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Физик эмчилгээний өрөө, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц орон зайд ор дэлгэсэн байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 194 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн болон Мэдрэлийн тасгийн 21 ор, нөөцөөс 48 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 220 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 83 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос энэ сарын 03-ны байдлаар 167 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сувилагчийн өрөө, Физик эмчилгээний өрөө, Хүүхдийн тоглоомын өрөө зэрэг нөөц оронд зайд нийт 87 дэлгэдэг ор тавьжээ.

Зөвлөгөө
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.