Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Даваажаргал: Агаарын чанарын мэдээллийг харьцуулах боломжгүй хоёр багажаар хэмжиж, иргэдэд ташаа мэдээлэл өгч байна

Г.Ган, Үндэсний шуудан
2019 оны 1 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах нэрийдлээр жил бүр их хэмжээний төсвийг улсын төсөвт оруулдаг ч өнөөдрийн байдлаар нүдэнд харагдаж, гарт баригдах бодит ажил болсон нь хараахан алга байна. Утааг арилгах маш олон гарц, шийдэл байгаа ч эдгээрээс аль нь ч хэрэгжээгүйн дээр утаагүй зуух, утааны шүүлтүүр гэх мэт элдэв төрлийн бүтээгдэхүүнээр ард иргэдийн халаас руу багагүй өнгийсөн он жилүүд “Амны хаалтаа зүүгээрэй” гэдэг уриан дээр ирээд зогслоо.

2018 оны байдлаар авч үзэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, аж ахуйн нэг байгууллагын 3,200 орчим халаалтын зуухаас эх үүсвэртэй хэмээн судалгаанд дурджээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг дундаж түвшинд байгаа хэмээн гар утасны аппликэйшн болон сонгогдсон газруудад байрлах мэдээллийн дэлгэцээр тогт-мол хүргэж байгаа. Сүүлийн үед цахим орчинд эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэд хувийн багажаар хийсэн агаарын чанарын үзүүлэлт тухайн байгууллагын өгч буй мэдээтэй хол илүү зөрүүтэй байгааг мэдээлснээр ард түмэн агаарын чанарт эргэлзэж эхэлсэн.

Агаарын чанарыг ямар тоног төхөөрөмжөөр хэмждэг, яагаад тухайн байгууллагын мэдээлэл зөрүүтэй байгаа талаар Нийслэлийн агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргалаас тодрууллаа.

-Манай улс агаарын чанар хэмжихэд аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар стандартын тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газарт 2008 онд Германы техникийн хамтын ажиллагааны “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дөрвөн суурин автомат станц нийлүүлэгдсэн. Эдгээр нь ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэгч орны стандартуудад нийцсэн тоног төхөөрөмжүүд. Агаар дахь химийн найрлагуудыг хэмжигч тоног төхөөрөмж бол Япон Улсын Хорибо брэндийн багажууд, тоос тоосонцор хэмжигч багаж нь Герман Улсын Гримм маркийн багаж юм.

“Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж, 2009 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын төсөл хэрэгжсэн. Агаарын бохирдол бууруулах чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, боловсон хүчний үйл ажиллагааг сайжруулах хяналтын чиглэлээр энэ төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Японы олон талын зөвлөх инженерүүд манай улсад ирж ажиллаж байгаа.

Тухайн зөвлөхүүдтэй хамтран сүүлийн 10 орчим жил суурин станцуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Манай байгууллага сүүлийн жилүүдэд суурийн станцуудынхаа Хорибо 360 багажуудыг Хорибо 370 багажаар сольж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн. Мөн дээрээс нь тоос, тоосонцор хэмжих багажуудыг бүрэн шинэчилсэн.

Одоогоор манай байгууллагын 5 суурин станцад ашиглагдаж байгаа Grimm-180, Horiba APNA-370, APSA-3708 АРСА-370, АРОА- 370 гэх мэт тоног төхөөрөмжүүд орчин үед дэлхийн бусад улс оронд ашиглаж байгаа шинэ технологи юм.

-Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа ямар байдаг вэ?

-Багаж бүр ашиглалтын горим, ажиллах нөхцөл өөр өөр байдаг. Эдгээр багаж суурин станц дотроо 18-22 градусын температурт тогтмол ажиллаж байх ёстой. Тухайн багажийн эд ангиудыг ямар хугацаанд сольж, шинэчлэх, цэвэрлэх зэрэг мэдээллийг бүгдийг нь багтаасан зөвлөгөө, гарын авлага байдаг. Тоног төхөөрөмжүүд бүрэн автомат учир гэмтэл, доголдол гарсан үед өөрөө сигнал өгч тухайн мэдээллийн дагуу зөвлөмж гарын авлага ашиглаж бүх урсгал засваруудыг цаг тухайн үед нь хийж гүйцэтгэдэг.

-Урсгал засварт жилд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Багаж, тоног төхөөрөмжийн хувьд өндөр өртөгтэй. Үүнийгээ дагаад сэлбэг, хэрэгсэл нь үнэтэй байдаг. Дунджаар жилд 40 орчим сая төгрөг урсгал засварт ордог. Тухайн тоног төхөөрөмж нийлүүлсэн үйлдвэрт хандаж захиалан авдаг.

-Эдгээр станцын дамжуулсан агаарын чанарын мэдээг иргэдэд хүргэх самбарууд болон гар утасны аппликэйшн ажиллаж байгаа. Эдгээр станцын дамжуулж буй агаарын чанарын үзүүлэлт иргэдийн хэмжилтээс гарсан тоон үзүүлэлттэй маш хол зөрүүтэй гарч буй. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Ерөнхийдөө сүүлийн үед иргэд жижиг гар багаж ашиглах болсон. Тухайн орчны агаарын чанарыг хэмжиж иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх байдал олширсон. Ер нь бол харьцуулах бодомжгүй хоёр багаж, харьцуулах боломжгүй дата мэдээллүүдийг л харьцуулаад байна. Тэгэхээр тухайн гар багаж болон эдгээр станцын үйл ажиллагаа хэлбэр хэмжээ, хүчин чадал, ажиллах зарчим гэх мэт бусад үзүүлэлтээрээ тэнгэр газар шиг ялгаатай.

Манай байгууллага нь тоног төхөөрөмжүүддээ зориулалтын стандарт газ-аар тохиргоо хийж бүх хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гар багаж, тоног төхөөрөмж бүр тохирлын гэрчилгээтэй байдаг. Агаарын чанарыг хэмжиж буй иргэд, байгууллагууд маань хэмжилтийнхээ үед тухайн гэрчилгээг тоног төхөөрөмжийнхөө хажууд ил тод харуулах хэрэгтэй.

Иргэдийн хэрэглэж байгаа жижиг багаж нь гар утасны хэмжээтэй байгаа бол манай суурин станцуудын нэг үзүүлэлтийг хянах багаж нь л гэхэд энгийн процессороос том хэмжээтэй байх жишээтэй. Мөн суурин автомат харуулууд болон тухайн гар багаж хэмжих давтамжийн хувьд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, гар багаж асаагаад тухайн орчны, тухайн үеийн агаарын чанарыг хэмжиж байгаа бол суурин автомат тоног төхөөрөмж нь 30 минутын давтамжтайгаар хэмжилт хийж тухайн дүн мэдээ өөрчлөгдөж байдаг.

Тухайн суурин харуулын дотор байгаа багажин дээр ямар зааж байгаа гэдгээр бус хэмжилтийг 30 минутын давтамжтай цуглуулж тухайн үзүүлэлтийг дундажлаад индексээрээ хөрвүүлж байж мэдээлэл хүргэдэг. Иргэд маань тухайн утгуудыг шууд харьцуулж үзээд өөр байна гэсэн дүгнэлтэд хүрч, ташаа мэдээлэл бий болгосноор эргэлзээнд оруулаад байгаа юм. Хоёр өөр үзүүлэлтийг харьцуулж байгаа нь тохиромжгүй зүйл юм. Манай байгууллагын хувьд үнэн бодит мэдээ мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэж байна.

-Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн зүгээс ямар оролцоо хамгийн чухал байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар хуралдаж 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тухайн тогтоолд ‘Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” хэмээсэн байна.

Нэгэнт тогтмол хэрэглэдэг түүхий нүүрсний хэрэглээг хориглосон тул иргэд дулааны эх үүсвэрээ шийдвэрлэх асуудалтай тулгарна. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг шийдвэрлэх олон гарц, шийдлүүдийн нэг бол цахилгаан халаагуур хэрэглэх юм.

"Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх" журмын дагуу 22:00 цагаас 06:00 цаг хүртэл тэглэсэн учир цахилгаан халаагуур хэрэглэх иргэд өдрийн цагаар л цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр төлнө. Тухайн цахилгаан халаагуурын үзүүлэлт, хүчин чадлаас хамаарч цахилгаан эрчим хүч хэрэглэх өртөг өөр, өөр байдаг ч өрхийн сард хэрэглэх түүхий нүүрсний өртгөөс хямд тусахыг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ.

Зураг