Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хамгийн удаан эрэн сурвалжлагдсан алуурчныг өнөөдөр цаазалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийтдээ 11 залуу эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн алуурчныг өнөөдөр буюу Пүрэв гарагт цаазалжээ.

Хохирогчдын хамгийн залуу нь найман настай, ихэнх нь 20 гаруй насныхан байсан юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард баруун хойд Хятадын Ганьсу мужийн ардын шүүх 54 настай Гао Чэньёнийг дээрэм, хүн амь, хүчингийн хэрэгт буруутай гэж дүгнээд цаазын ял оноож байв.

Түүний ялыг Хятадын дээд шүүх баталсан тул өнөөдөр өглөө Ганьсу мужийн Байинь хотод цаазыг гүйцэтгэжээ.

Байинь хот болон хөрш Өвөр Монголын Бугат хотод 1988-2002 оны хооронд хохирогчдын амийг бүрэлгэснээ Гао 2017 онд болсон шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр ганц бие залуу бүсгүйчүүдийг гэрт нь хүчиндэж, дараа нь алдаг байжээ. Аллагыг гэгээн цагаан өдөр үйлдэж, ихэнх хохирогчдын цогцос нь улаан өнгийн хувцас өмссөн байдалтай олддог байв. Мөн тэдний эд эрхтнийг огтолж, мөчилсөн байдаг байжээ.

2004 онд Байинь хотын цагдаагийн газар алуурчны тухай мэдээлэл өгсөн хүнд 200,000 юаний шагнал амлаж байв. 12 жилийн дараа Гаог хэргийн газар үлдээсэн ДНХ-ийн ул мөрөөр нь илрүүлэн баривчилж байжээ.

Цагдаа нар 100,000 орчим хурууны хээ, бусад биологийн ул мөрийг хэргийн газраас цуглуулаад байсан ч алуурчныг олон жилийн турш олж чадахгүй байсан юм. Харин Гаогийн холын хамаатны хүн хээл хахуулийн хэргээр 2016 онд баривчлагдаж, түүний ДНХ алуурчныхтай зарим талаар таарч байсан нь анхаарал татсанаар хэрэг илэрч байжээ.

Уг цуврал аллага нь илрэх хүртлээ Хятадын түүхэнд хамгийн удаан мөрдөгдсөн, тайлагдашгүй хэрэгт тооцогдож байв.

 

Эх сурвалж: South China Morning Post