Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Италид суугаа Умард Солонгосын дипломатч гуравдагч орноос улс төрийн орогнол хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Италид суугаа Умард Солонгосын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жо Сон Гил гуравдагч орноос улс төрийн орогнол хүссэн байна.

Тэрээр арванхоёрдугаар сарын эхээр Италийн засгийн газраас Умард Солонгост шилжүүлж өгөхгүй байх хамгаалалт хүссэн тухай эх сурвалж мэдээлжээ.

Одоо 48 настай дипломатчийг гэр бүлийнх нь хамт Италийн эрх баригчид хамгаалалтдаа авч, аюулгүй газарт байрлуулаад байгаа гэнэ. 

Жо Сон Гил Өмнөд Солонгосоос орогнол хүссэн эсэх нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын тагнуулын алба энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Мөн Өмнөдийн ерөнхийлөгчийн тамгын газар энэ талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Умард Солонгос 2017 оны есдүгээр сард зургаа дахь цөмийн туршилтаа хийсний дараа тус улсын элчин сайд Мун Жон Намыг Итали улс нутаг дэвсгэрээсээ хөөж байв. Үүний дараа Жо Сон Гил Ром дахь элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч болсон юм.

Тэр 2015 оны тавдугаар сард Италид томилогдож байжээ.

Пёньян руу буцах тушаал хүлээж авсныхаа дараа Жо Сон Гил гуравдагч оронд дүрвэхээр шийдсэн байж болзошгүй. Ром дахь Умард Солонгосын элчин сайдын яаманд Жотой нийлээд дөрвөн дипломатч ажилладаг. Тэдний хоёр нь Италийн нийслэлд төвлөрдөг Дэлхийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагыг хариуцдаг байна.

Ромд суугаа Өмнөд Солонгосын элчин сайд Чой Жон Хюнаас энэ тухай лавлахад тэр “Одоогоор би юу ч хэлж чадахгүй” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Yonhap News