Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сарны цаад талд хүрсэн анхны улс Хятад боллоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө Хятад улс манай дэлхийн цорын ганц дагуул болох сарны сүүдэртэй хэсэгт судалгааны станцаа амжилттай газардуулсан тухай мэдээлжээ.

Арванхоёрдугаар сарын эхээр Хятад улс газардагч станцыг өөрөө явагч судалгааны станцтай хамт дэлхийгээс хөөргөж байв.

Тэгвэл эдгээр техник хэрэгслүүд нь дэлхийгээс үргэлж нүүр буруулж байдаг сарны цаад хэсэгт амжилттай хүрсэн байна. Сар зөвхөн нэг талаараа дэлхий рүү харж байдаг сансрын биет бөгөөд өмнө нь АНУ-ын Аполло багийнхан уг нүүрэн хэсэгт газардаж байсан юм.

Сарны цаад талд газардах маш хэцүү. Учир нь тэнд байгаа станцтай дэлхийгээс холбоо барих арга байхгүй юм. Тэгвэл Хятад улс өнгөрсөн оны тавдугаар сард сарны дээр байрлах холбооны хиймэл дагуулаа урьдчилж илгээж байжээ.

Уг хиймэл дагуул нь сарны станцыг дэлхийтэй холбох релейний үүрэг гүйцэтгэнэ.

Хятадын станц газардсан сарны хэсэг нь 2,500 орчим километр диаметртэй нэн эртний тогоо юм. Уг тогоо нь хэдэн тэрбум жилийн өмнө сансрын томоохон чулуулаг биет саран дээр унахад үүссэн гэдэг. Тиймээс энэ тогоонд нарны аймгийн гараг ертөнцийн үүсэлтэй холбоотой асар их баримт хадгалагдаж байгаа.

Газардагч станц (lander) удахгүй өөрөө явагч робот (rover) станцыг биенээсээ салгаж, ажилд оруулна. Өөрөө явагч нь сарны гадарга дээр аялж, төрөл бүрийн багаж хэрэгслээр судалгаа хийж эхлэх юм. Түүний олж авсан мэдээллийг газардагч станц хиймэл дагуулаар дамжуулан дэлхийд илгээнэ.

Сарны алслагдсан хэсгийг судлах энэхүү төслийг Chang'e-4 гэж нэрлэж байгаа. Өмнөх Chang'e-3 төслийн хүрээнд Хятад улс сарны нүүрэн хэсэгт хүрч байв.

 

 

Эх сурвалж: The Verge