Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Алдагдалтай төсөв, улсын өр иргэдийн халаасанд шууд нөлөөлдөг

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын төсөв сүүлийн 20 жилийн ихэнхэд нь алдагдалтай явж ирсэн бөгөөд тэрхүү дутсан мөнгийг ихэвчлэн гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэн байдаг. Тэгвэл төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь инфляцад шууд нөлөөлдөг болохыг Үндэсний статистикийн хорооноос хийсэн Инфляц, төсвийн алдагдлын хамаарлын судалгаа харуулж байна. 

Юуны өмнө судалгааны дүнд ашигласан чухал үзүүлэлтүүдийг танилцуулъя. 

Инфляц

 
Гэрэл зургийг MPA.mn

Зураг 1. Инфляцын динамик хандлага, өөрчлөлт

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эдийн засгийн өсөлт, хөгжил ямар түвшинд байгааг илэрхийлэх чухал үзүүлэлтийн нэг болох инфляц 1992 онд хамгийн өндөр ба 325.5 хувьд хүрсэн бол 2016 онд хамгийн бага буюу 1.1 хувь болсон байна. Харин 2017 онд 6.4 хувьтай байсан бол 2018 оны аравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувьтай байна. Харин өнөөдөр инфляц Улаанбаатар хотод 9.3%, Улсад 8.1%  байна. 

Инфляцыг голлон тооцдог аргачлал болох Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) дэх бараа, үйлчилгээний үнэ 2010 оноос хойш хэрхэн өсөж, буурсныг дараах хүснэгтээс харж болно. 

Хүснэгт 1. ХҮИ-ийн өөрчлөлт(%-аар), хэрэглээний бараа, үйлчилгээний бүлгээр

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2017 онд 2010 оноос 55.4 хувиар өсжээ.

Энэ хугацаанд холбооны хэрэгсэл шуудангийн үйлчилгээний үнэ 3.9 хувиар буурсан хэдий ч боловсролын үйлчилгээ 2 дахин, согтууруулах ундаа, тамхи 87.3 хувиар, хувцас бөс бараа, гутал 73.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Төсвийн тэнцэл

 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улс ихэнхдээ алдагдалтай төсөв баталж, түүнийгээ гадны зээл тусламжаар санхүүжүүлж ирснийг дээр дурдсан. Тэгвэл энэ үзүүлэлтийг доорх зургуудаас илүү тодорхой харж болно. 

Зураг 2. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага (тэрбум төгрөг)

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 1995 онд 144.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрчээ.

Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 1995 онд 132.1 тэрбум төгрөг байсан бол 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болон өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 оны гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, оны үнээрх ДНБ-ий 6.2 хувийг эзэлж буй.

Зураг 3. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг)

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1995 оноос хойш гурван удаа л АШИГТАЙ гарсныг дээрх зураг харуулж байна.

Харин 2000 онд 86.8 тэрбум төгрөгийн АЛДАГДАЛТАЙ гарч, оны үнээрх ДНБ-ий 7.1%, 2015 онд 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, оны үнээрх ДНБ-ий 5.0%, 2016 онд 3.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, оны үнээрх ДНБ-ий 15.3%, 2017 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, оны үнээрх ДНБ-ий 6.2%-ийг тус тус эзэлжээ.

Төсөв тэлэхдээ ийнхүү алдагдалтай байж ирсний шалтгаан нь урсгал зардал жилээс жилд өссөнтэй холбоотой байгаа юм. Харин урсгал зардлын хэмжээ өсөхөд урсгал шилжүүлэг болон зээлийн хүүгийн зарлагын өөрчлөлт голлон нөлөөлжээ.

Тухайлбал, зээлийн хүүгийн зарлага 2016 онд 986.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 34.9%, 2017 онд 1.2 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 17.2%-аар өссөн бол урсгал шилжүүлгийн зардал 2016 онд 2.3 их наяд төгрөг болж 37.3%, 2017 онд 2.5 их наяд төгрөг болж 9.4%-аар тус тус өссөн байна.

Төсвийн алдагдал жил орчмын дараа инфляцад нөлөөлдөг 

Ийнхүү төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг инфляцын түвшинтэй зэрэгцүүлэн харвал:

Зураг 4. Инфляцын түвшин (өмнөх оны мөн үетэй харьцуулсан), Төсвийн ашиг/алдагдлын ДНБ-д эзлэх хувь (улирлаар)

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Зурагт төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь, инфляцын түвшин 75 улирлаас ихэнхэд нь урвуу хамааралтай, зарим улиралд шууд хамааралтайг харуулж байгаа ч ҮСХ-ны ашигласан VAR, ARDL зэрэг аргачлалын дүнд Монгол Улсын төсвийн алдагдал инфляцын шалтгаан болж буйг тодорхойлжээ. Тодруулбал,

Вектор авторегресс буюу VAR загвараар бусад хүчин зүйл тогтмол байхад ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хувь 1.0%-аар нэмэгдэхэд инфляц дунджаар 0.7% өсөх юм. Эсрэгээр төсөв алдагдалгүй, 1.0%-аар ашиг нэмэгдэхэд 0.7 хувиар инфляц буурна гэсэн дүгнэлт гарсан байна. 

Хугацааны хоцрогдолтой авторегресс буюу ARDL загвараар үнэлэхэд ч мөн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь болон инфляц гурван улирлын хоцролттой авч үзэхэд шууд
хамааралтай гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, бусад хүчин зүйл тогтмол байхад, төсвийн алдагдал 1.0% өсөхөд инфляц дунжаар 0.4 хувиар өсөхөөр байна. Гэхдээ төсвийн алдагдал нь тухайн цаг хугацаандаа инфляцад нөлөө үзүүлэхгүй бөгөөд гурван улирлын дараа нөлөөлнө гэсэн үг. 

Товчхондоо, төсвийн алдагдал бий болсноос хоёр болон гурван улирлын дараа инфляц нэмэгдэж байна. Харин эсрэгээрээ төсөв алдагдалгүй, ашигтай гарахад инфляц буурахаар байгаа юм. 

Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 1%-аар өөрчлөгдөнө гэдэг нь маш том өөрчлөлт. Жишээ нь, ДНБ 10 их наяд ам.доллар гэж үзвэл төсвийн алдагдал 1.0% өслөө гэхэд энэ нь 10 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээ гэсэн үг. 

Төсвийн бодлогоо тэлснээр ажилгүйдэл буурч, инфляц өснө гэж үздэг. Нөгөө талаар мөнгөний бодлого инфляцыг тогтвортой түвшинд байлгаж, мөнгөний ханшийг тогтворжуулахад чиглэдэг. Гэвч өрөө нэмэх замаар алдагдалтай төсөв батлах нь тухайн цагтаа биш ч хожмоо нийгэм, эдийн засагт хор уршигтай болохыг дээрх судалгаа харуулж байна. Учир нь инфляц иргэдийн халаасанд шууд нөлөөлдөг билээ.

iKon.mn УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #1 -т УИХ-ын гишүүд жил бүр иргэдийн халаасыг тэмтрэх алдагдалтай төсвийг баталдаг ч тасралтгүй л улс орны өрийг бууруулах ёстой гэж ярьсаар суудаг тухай хөндсөн байдаг. Мөнгөний бодлого хэрэгжүүлэгч Төв банкны зүгээс жил бүр л УИХ-ыг алдагдалгүй төсөв батлахыг сануулж ирсэн ч тусыг эс олдог билээ.