Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Испаний хилийнхэн матрасан дотроос Африкийн хоёр цагаачийг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Европ тивд хүрэхээр матрасан дотор нуугдсан Африкийн хоёр цагаачийг Испаний хил гаалийн албан хаагчид илрүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Испани, Мороккогийн хил дээр болсон энэ үйл явдлын дүрс бичлэг Ням гарагт интернэт сүлжээнд тарсан юм. Микро автобусны дээр ачсан хоёр матрасыг Испаний хилийн хамгаалалтын албан хаагчид буулгаж, задлахад дотроос нь хоёр залуу гарч ирсэн байна.

Энэ явдал Мороккотой хил залгаа Африкийн эрэг дэх Испаний Мелилла хотод болсныг тус улсын Хил Хамгаалах алба Мягмар гарагт баталжээ.

Саатуулагдсан хоёр залуу тус бүр 4,500 еврог хил давуулах ажиллагаа явуулдаг этгээдүүдэд төлснөө ярьсан байна. Машины жолооч ачааг нь шалгаж эхлэх үед явган зугтжээ. Матраснаас гарч ирсэн хоёр залууг хууль бус цагаачдыг саатуулах төвд хүргэсэн байна.

Испаний аврах албаныхан Мягмар гарагт Гибралтарын хоолойг гатлан тус улсад хүрэхээр яваад осолдсон 111 цагаачийг живэхээс аварснаа зарлажээ.

НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан байгууллагын мэдээлснээр 2018 онд Газар дундын тэнгисийг гаталж, Африкаас Европыг зорьсон 2,200 гаруй хүн замдаа живж амиа алдсан байна.

Итали улс Африкийн цагаачдыг хүлээж авахаа больсноос хойш Испани улс тэдний зорьдог гол газар болоод байгаа юм. 2018 онд Испанид нийт 62,000 орчим хүн Африкаас Газар дундын тэнгисийг гаталж иржээ.

Эх сурвалж: Time.Com