Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч болохыг тус улсын Үндэсний статистикийн газар онцолжээ. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийг илтгэдэг гол үзүүлэлт болох Purchasing Manager Index (PMI) 49.4-тай гарсан нь 2016 оны долдугаар сараас хойших хугацаанд анхны буурсан тохиолдол болж байгаа юм. Уг үзүүлэлт 50-иас доош гарвал бууралтыг, дээш гарвал өсөлтийг илтгэдэг.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард PMI үзүүлэлт 50-тай гарч өсөлт ч үгүй, бууралт ч үгүй байсан бөгөөд шинжээчид уг үзүүлэлтийг арванхоёрдугаар сард 49.9-тэй гарна гэж таамаг дэвшүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл бодит байдал шинжээчдийн таамгаас доогуур гарлаа.
Бууралт тохиож буй шалтгаан нь АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн болохыг шинжээчид тайлбарлаж байна. Хоёр улс уг асуудалд хэлэлцээр хийхээр тогтсон ч амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хятадын хувьд хэлэлцээр нааштай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж буй ч шинжээчид үүнд итгэл муутай байна.
Хятадын хөрөнгө оруулалтын хараат бус судалгааны байгууллага CEBM группын Макро эдийн засгийн судалгааны хэсгийн дарга Зэншэн Зон “Худалдааны дайны асуудлаас үүдэн гадаад эрэлт суларч байгаа бол дотоод эрэлт бүр ч муудаж байна. Хятадын эдийн засаг цаашид улам саарч болзошгүй харагдаж байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.
Хятадын эрх баригчид 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.5%-тай байлгахаар зорилт дэвшүүлсэн нь 2017 оны 6.9%-ийн өсөлтөөс доогуур хэмжээ юм. Дэлхийн банк 2019 онд Хятадын өсөлт удааширч 6.2%-д хүрнэ гэж тооцоолоод байна.