Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Халуун бүсийн Трамп” тангараг өргөж, Бразилын ерөнхийлөгчийн суудалд заларлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару тангараг өргөх ёслолын үеэр

Армийн офицер асан Жайр Болсонару өчигдөр тангараг өргөж, Бразилын ерөнхийлөгчийн албыг хашиж эхэллээ. Тэрээр гэмт хэргийг хатуу гараар бууруулах, авлигатай ширүүн тэмцэл өрнүүлэх, иргэдэд галт зэвсэг эзэмшүүлэх, экологийн эмзэг бүтэцтэй Амазон мөрний сав газрыг ашиглаж эхлэх зэрэг популист амлалтуудаараа сонгуульд олонхын санал авж, Бразилын элит улс төрчдийг ялж чадсан юм.

Одоо 63 настай Болсонару АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хүндэлдгээ нуудаггүй бөгөөд түүнийг “халуун бүсийн Трамп” гэж хочилдог. Тэрээр сүүлийн 30 гаруй жил Бразилд тогтсон зүүний чиг баримжаатай засаглалаас татгалзаж, консерватив бодлогоор улс орныг удирдахаа мэдэгдээд байгаа.

Болсонару “Бразилыг социализмаас чөлөөлж, авлига, гэмт хэрэг, эдийн засгийн хариуцлагагүй байдал, үзэл суртлын гав гинжнээс салгана” гэж өчигдөр мэдэгджээ.

Тэрээр 1964-1985 онд Бразилыг захирч байсан цэргийн дэглэмийг магтан сайшаадаг. Түүний сонгосон дэд ерөнхийлөгч, хэд хэдэн гол сайд нь армийн офицер байсан хүмүүс юм. Болсонаруг дэмжигч конгрессын гишүүд өчигдөр гар буу дүрсэлсэн хуруугаараа шинэ ерөнхийлөгчтэй мэндчилж байв.

Харин 2003-2016 онд Бразилыг удирдаж байсан социалист чиг баримжаатай Ажилчдын Нам эсэргүүцэл илэрхийлж, Болсонаругийн тангараг өргөх ёслолд оролцоогүй юм. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард болсон сонгуульд ялагдсан нь Бразилын эдийн засгийг хямралаас гаргаж чадаагүйтэй нь холбоотой байв. Гадаад бодлогын хувьд Болсонару Трамптай төстэй бодлого хэрэгжүүлэхээ амлаад байгаа. Тухайлбал тэр Бразилыг Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс гаргах тухай ярьж, Израйль дахь элчин сайдын яамаа Тель Авиваас Иерусалемд нүүлгэх тухай мэдэгдэж байсан юм.

Тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар оролцсон бол Бразилын уламжлалт түншүүд болох Куба, Венесуэлийн удирдагчдад илгээсэн урилгаа цуцалсан байна.

Трамптай бас нэг адил тал нь Болсонару сонгуулийн сурталчилгаагаа сошиал сүлжээгээр голдуу явуулж байсан юм. Ийнхүү Латин Америкийн хамгийн том хоёр улсад популистууд засгийн эрхэнд дараалан гараад байна.

200 гаруй сая хүн амтай Бразилыг Жайр Болсонару удирдах бол 120 гаруй сая хүн амтай Мексикийн ерөнхийлөгчийн тангаргийг Андрес Мануэл Лопез Обрадор арванхоёрдугаар сарын 1–ний өдөр өргөсөн юм.

Өмнө нь Мехико хотын захирагчаар ажиллаж байхдаа Обрадор прагматик бодлогоороо танигдсан улс төрч. Түүнээс ялгаатай нь Болсонару олон нийтэд төдийлөн танигдаагүй “битүү морь” болсон эрхэм юм.

 

Эх сурвалж: AFP