Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Болор цом" наадамд 27 бүтээл тунан үлджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Монголын зохиолчдын эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Болор цом наадам 36 дахь жилдээ болох гэж байна. Энэ жил Говьсүмбэр аймагт нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэхүү наадмаа угтан Т.Галсан, Г.Аюурзана, Ц.Бавуудорж зэрэг энэ цагийн алдарт 16 яруу найрагчийн "Уран үгсийн чуулган"-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь сумдад зохион байгуулна. Энэ бол зохиолч, яруу найрагч болон уншигч сонсогчдын уулзах томоохон арга хэмжээ болдгоороо онцлогтой” гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

"Болор цом" наадамд энэ жил 140 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс урьдчилсан хоёр шатны шалгаруулалтаар 27 нь тунан үлдсэн байна. Шалгарч үлдсэн хүмүүсийн 17 нь зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч бол зургаа нь "Болор цом"-ын дэд, тэргүүн байрыг эзэлж байсан яруу найрагчид байгаа юм. Урьдчилсан шатанд шүүгчээр ажилласан хүмүүс эцсийн шалгаруулалтад ажиллахгүй бөгөөд шүүгчдийн нэрийг нууцалж байгаагаа МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал хэллээ.

Мөн 90 жилийн ойн хүрээнд маргааш Монголын урчуудын эвлэлийн Best Art галерейд "Яруу найрагчдын хөрөг-2019" үзэсгэлэнг гаргах юм. Үзэсгэлэнд нийт 60 орчим яруу найрагчийн хөрөг дэлгэгдэх аж. 

Түүнчлэн энэ сарын 7-нд Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2018” ёслол Гадаад харилцааны яаманд болох бөгөөд найман төрлөөр шилдгээ шалгаруулна.

Түүх сөхвөл, 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Г.Навааннамжил зэрэг 17 хүн хуралдаж уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Энэ өдрийг хожим нь Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр гэж тэмдэглэсэн байдаг.