Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ руу агаар, далайн тээврээс гадна төмөр замаар холбогдох боломж нээгдэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Умард ба Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр улсын төмөр болон авто замуудыг холбох төслийн нээлт болох тухай бид мэдээлж байсан. 

Тэгвэл тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өнгөрсөн сарын 26-нд БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Ким Хюнмигийн урилгаар БНСУ-д айлчлал хийж, БНСУ, БНАСАУ-ыг төмөр замаар холбох, галт тэрэгний хөдөлгөөний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон байна. 

Солонгосын хойгийн энхийн үйл явц шинэ шатанд гарч хоёр Солонгосын удирдагчдын уулзалтаар тохирсны дагуу БНСУ, БНАСАУ хоёр улс 70 жилийн дараа төмөр замаар дахин холбогдож, анхны галт тэрэг аялсан нь түүхэн үйл явдал боллоо гэж талууд үзэж байна. 

 

Энэхүү түүхэн арга хэмжээнд БНСУ, БНАСАУ, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Тээврийн сайд, дэд сайд нар болон НҮБ-ын удирдлагууд урилгаар оролцсон тухай Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлжээ. 

Тус үйл явдал нь Умард Солонгосоор дамжин Өмнөд Солонгос руу төмөр замын тээвэрлэлт эхлүүлэх, Өмнөд Солонгосоос Европ руу тээвэрлэлт хийх асар том боломжийг нээж өгч байгаа бөгөөд Ази-Европ чиглэлийн нэг том коридор болох боломжтой гэж талууд онцлон тэмдэглэж байна. 

Монгол Улсын хувьд ч Умард болон Өмнөд Солонгос улсад өөрийн улсын уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ хуурай газраар экспортлох, Умард, Өмнөд Солонгосын далайн боомтуудыг ашиглан гуравдагч улсуудад гаргах том боломж, шинэ гарц бий болж байгааг ЗТХЯ онцолжээ. 

 

Айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд, хатагтай Ким Хюнмитай хоёр талын уулзалт хийж, хоёр орны зам, тээврийн салбарын хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Монгол Улс, БНСУ агаарын тээвэр, далайн тээврээр харилцдаг байсан бол одоо төмөр замаар дамжин холбогдох боломж нээгдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын зам, тээврийн салбарын хөгжлийг улам өргөжүүлэн ажиллах болно гэдгийг онцолжээ. 

Хоёр улсын салбарын сайд нар аялал жуулчлал, бизнес, соёл урлаг, боловсрол, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд агаарын тээврийн салбар маш чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, улмаар нислэгийн тийзийн үнэ бууруулах, өрсөлдөөнийг хангах  чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ойрын үед агаарын харилцааны асуудлаар хэлэлцээ хийхээр мөн тохиролцсон байна. 

Түүнчлэн БНСУ-ын талаас  Монгол Улсад ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, замын хөдөлгөөний нэгдсэн төвийн үйл ажиллагааг сайжруулах, Тээврийн ухаалаг хяналтын систем нэвтрүүлэх, авто замын төлбөр хураах цахим системийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгджээ. 

Мөн айчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-ын Төмөр замын сүлжээний удирдах газрын ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ким Сангюнтай уулзалт хийж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар Транскореа төмөр замын сүлжээ байгуулах бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг сүлжээ нь Трансхятадын төмөр зам болон Транссибирийн төмөр замын сүлжээтэй холбогдох ажлууд явагдаж байгаа аж.