Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Одонтой ээжүүдийн тоо 2010 оноос 71% өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар Үндэсний статистикийн хороо судалжээ. Энэхүү судалгаанд 1975-2017 оны мэдээллүүдийг хамруулсан байна. 

Монгол Улсын хүн амын төрөлтийн түвшин өндөр, насны залуу бүтэцтэй байх 1969-1980 оны дунд үе хүртэл дунджаар хүн амын 21 хувь буюу 5 хүн тутмын нэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байсан бол энэ нь 1990-ээд оноос хойш өсөж, дунджаар 30 хувь болжээ.

Тухайлбал, 2017 онд хүн ам 3.2 сая байгаагаас 1.6 сая (50.8%) нь эмэгтэйчүүд, тэдгээрийн 54 хувийг нөхөн үржихүйн буюу 15-49 насны эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг буюу 27.2% нь нөхөн үржихүйн насны эмэгтэй байгаа юм.

Ийнхүү төрөх насны эмэгтэйчүүдийн нийт хүн амд эзлэх хувь нэмэгдсэн хэдий ч төрүүлэх хүүхдийн тоо буурч ирснийг тоонууд илтгэх аж. Энэ нь дэлхийд ч ажиглагдаж буй хандлага аж. Сүүлийн 20 жилийн хугацаанд боловсролын түвшнийг нэмэгдүүлж, дараа нь ажиллах хүчинд орох, эдийн засгийн бие даасан байдал сайжруулах зэргээс улбаалан гэрлэлтийн хэв маяг өөрчлөгдөн, гэрлэлтийн нас хойшлох хандлагатай байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 25, эрэгтэйчүүдийн хувьд 29 болжээ.

Монгол Улсын хувьд Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоор анхны гэрлэлтийн дундаж нас эмэгтэйчүүдэд 22, эрэгтэйчүүдэд 20 байснаа 2010 оны тооллогоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь 5 жилээр хойшилсон байна. Мөн 1979 оны тооллогоор нийт эмэгтэйчүүдэд эзлэх дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 4.2 байснаа 2010 оны тооллогоор 22.7 болж нэмэгджээ.

Нөхөн үржихүйн насны нэг эмэгтэй гурван хүүхэд төрүүлдэг
 

Монгол эмэгтэйчүүд дунд нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоо (төрөлтийн нийлбэр коэффициент) 1975 онд 7 байсан бол 1995 он хүртэл 5 жил тутамд 1-ээр буурч, 3 болсон байна. Харин 1995-2005 онд энэ тоо аажим буурч, 2 орчим байснаа, 2005 оноос өсөх хандлагатай болж, 2015 онд 3 болжээ. Энэ тоо 2017 он хүртэл тогтвортой хадгалагдаж байна.  

Манай улс төрөлтийг дэмжих бодлого баримтлан эхчүүдийг төрүүлсэн хүүхдүүдийн тооноос нь хамааруулан “Алдарт эхийн I”, “Алдарт эхийн II” одон олгодог системтэй. Одон авсан эхчүүдийн тоог харвал, 2010 онд 125.6 мянга байсан нь 2017 он гэхэд 214.7 мянга болж, 71 хувиар өсжээ.

Хүснэгт 1. Алдарт эхийн одонтой эхчүүдийн тоо, 2010-2017 он

 
Эх сурвалж: ҮСХ, ЭМЯ

Үүнд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд 2011 оноос эхлэн зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь нөлөөлсөн гэж үзэж байна. 

20-34 насныхны дунд үр хөндөлт өндөр байна

Монгол Улс 1989 оноос үр хөндөлтийг хуулийн хүрээнд зөвшөөрснөөр мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн хууль, журамд заасны дагуу үйлчилгээ үзүүлдэг болжээ. Гэхдээ энд нэг ялгаатай зүйл нь төрийн өмчийн эмнэлэгт зөвхөн эмчийн заалттай тохиолдолд үр хөндөлтийг хийдэг бол хувийн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн хүсэлтийг харгалзан төлбөртэй үйлчилж ирсэн.  

Зураг1. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүд, насны бүлгээр, дүнд эзлэх хувиар, 1998-2017 он

 
Эх сурвалж: ҮСХ, ЭМЯ

Үр хөндөлтийг 1998-2017 оны мэдээллээс илүү нарийвчлан насны бүлгээр авч үзвэл, ойролцоогоор үр хөндүүлсэн 10 эмэгтэй тутмын 7 (65-75%) нь 20-34 насны, 2 нь 35, түүнээс дээш насны, 1 нь 20 хүртэлх насны эмэгтэйчүүд байна. 

Эрүүл мэндийн яамны мэдээгээр үр хөндөлтийн харьцаа буюу 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт 1990-1993 онд хамгийн өндөр буюу 405-445 байсан бол 2017 онд 233 болж, бараг хоёр дахин буурчээ. Энгийнээр тайлбарлавал, 1990-1993 онд гурван жирэмслэлт тутмын хоёр нь төрөлтөөр, нэг нь үр хөндөлтөөр төгсөж байсан бол 2017 онд таван жирэмслэлт тутмын дөрөв нь төрөлт, нэг нь үр хөндөлтөөр төгссөн байна. 

Түүнчлэн үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд төрөөгүй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2000 онд 9.2 байснаа 2014 он хүртэл аажмаар буурч 2.7, түүнээс хойш эргээд нэмэгдэн 4.4 хувьд хүрчээ. 

Үр хөндөлтийн дараа гарсан хүндрэл 1998-2012 онд 7.2 хувиас 0.6 хувь болж, тасралтгүй буурснаа, 2012 онд 1.8 хувь болон өссөн бол түүнээс хойш 0.1 хувьд хүрч, буурах хандлагатай байна.

Зураг 2. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдал, дүнд эзлэх хувиар, 1998- 2017 он

 
Эх сурвалж: ҮСХ, ЭМЯ

Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн дотор (1998-2017онд) тодорхой ажил эрхэлдэг эмэгтэйчүүд болон ажилгүй, гэрийн ажилтай гэсэн эмэгтэйчүүд ойролцоогоор 80 гаруй хувийг, оюутан, болон малчин эмэгтэйчүүд 20 орчим хувийг эзэлж байна. 

1998-2012 онд ажилгүй болон гэрийн ажилтай эмэгтэйчүүд ажилтай эмэгтэйчүүдээс илүү байснаа, 2012 оноос хойш эсрэг хандлагатай болсон байна. Харин үр хөндүүлсэн малчин эмэгтэйчүүдийн эзлэх хувь тасралтгүй буурах хандлагатай болжээ.

Сүүлийн 28 жилд үр хөндөлт хоёр дахин буурахад голлон нөлөөлсөн зүйл нь нэг талдаа жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн мэдлэг, хэрэглээ нэмэгдсэн, нөгөө талдаа өрх, гэр бүлийн эдийн засагт 1990-ээд онтой харьцуулахад ахиц гарч, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзжээ.

Гэвч хувийн эмнэлгүүдийн үр хөндөлтийн талаарх бүртгэлд анхаарал хандуулах чухал шаардлагатайг дурдсан байна. Түүнчлэн эмнэлгийн заалттайн улмаас /өсөлтгүй жирэмслэлт, эрүүл мэндийн шалтгаан зэрэг/ болон өөрөө хүссэн тохиолдлыг зааглан, давтан үр хөндөлтийн шалтгаан, нөхцөл байдал зэргийг нарийвчлан судалж, холбогдох бодлого, хөтөлбөрт оновчтой тусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.