Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Флоид Мэйуидер дэвжээнд 140 секунд "бүжиглээд" $9 саяыг өвөртөлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны сүүлчийн өдөр АНУ-ын мэргэжлийн боксчин Флоид Мэйуидер Японы кикбоксын аварга Тэншин Насукаватай боксын дүрмээр тулалдсан юм.

Тус бүр гурван минутын урттай гурван үе үргэлжлэх тулааныг холимог тулааны RIZIN холбоо Токиогийн ойролцоох Сайтама Аренад зохион байгуулсан байна. 41 настай Флоид мэргэжлийн боксын 50 тулаанд 50 ялсны 27 нь нокаут байсан бол 20 настай Тэншин кикбоксын дэвжээнд 28 тулаан хийхдээ бүгдэнд нь ялсны 22 тулаанд хүнд цохилтоор ялж байсан юм.

Даваа гарагт Флоид тулаан эхлээд ердөө хоёр минут гаруй хугацаанд буюу 140 секундэд Насукаваг гурван удаа газарт унагаж, эцэст нь Японы залуу аварга бууж өгсөн байна.

Флоид энэ тулаанаас $9 саяыг өвөртөлж байгаагаа Инстаграм хуудсандаа мэдээлжээ. Өшиглөх буюу хөлөөр цохихыг хориглосон нь Насукавагийн хувьд хэцүү байсан байж магадгүй.

Гэхдээ энэ тулаан хажуугийн шүүгчгүй болж, үр дүнг нь албан ёсныход тооцохгүй, цэвэр зугаа цэнгээний зорилгоор зохион байгуулагдсан тул хоёр аваргын ялалт/ялагдлын статистикт нөлөөлөхгүй юм байна.

Тэмцээний дараа Флоид “Энэ бол бүхэлдээ энтертайнмэнт байлаа. Бид зүгээр л зугаацсан юм. Би зодог тайлсан, 50:0 ялалттай хэвээр байгаа шүү. Тэншин бас босоо аварга хэвээр байгаа” гэж мэдэгджээ.

Харин ялагдсан Тэншин Насукава “Би энэ боломжийг хангалттай ашиглаж чадаагүйгээ ухаарч байна. Гэхдээ энэ ялагдлыг би өөрийгөө сайжруулахад ашиглана. Мэйуидер хэр агуу болохыг би ойлголоо. Би түүнийг дутуу үнэлж байжээ” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters