Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн ЦС-ын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлж, 2023 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөжээ

ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд гарын үсэг зурсан. Ингэснээр “Оюу толгой”-н уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байгаа юм. Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний талаарх албаны хүмүүсийн байр суурь болон зарим баримтыг танилцуулж байна.

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн:

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр "Оюу толгой"  компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Тус гэрээнд “Оюу толгой”-н цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм. Түүнчлэн талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судлах болно.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах УИХ-ын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, “Оюу толгой”-н уурхай, ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.

Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес:

Гэрээг үзэглэсэн нь “Оюу толгой”-н хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм.

Гэрэл зургийг MPA.mn

“Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат:

“Оюу толгой” ХХК нь 15,000 гаруй Монгол ажиллагчидтай, дэлхийд тэргүүлэх монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос авах талаарх гэрээг Монголын Засгийн газартай хамтран мэдээлж байгаадаа бид баяртай байна. Энэ нь их чухал алхам юм.

“Туркойс Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман:

Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой”, “Рио Tинто” хоорондын урт хугацааны хэлэлцээний үр дүнд тус гэрээ батлагдсан юм. Эрчим хүчний төслийг цаашид амжилттай
хэрэгжүүлэхээр бид түншүүдтэйгээ ойр хамтран ажиллах болно. Ингэснээр “Оюу толгой”-н уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, бүхий л оролцогч талуудад ач тусаа өгөх юм.

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Оюу толгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав.

Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээтэй холбоотой мэдээлэл:

  • Монгол Улсад сүүлийн 30 гаруй жилд ийм хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц шинээр баригдаагүй.
  • Уг цахилгаан станц баригдсанаар “Оюу толгой” компани дан ганц найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болоод зогсохгүй Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаа хангахад чухал хувь нэмэр болно.
  • “Оюу толгой” компанийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагаатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр маш чухал. Учир нь уурхайн үйл ажиллагаа тэр дундаа 1,300 метрийн гүнд олборлолт явуулах гүний уурхайн ажилчдын аюулгүй байдалтай найдвартай цахилгааны эх үүсвэр шууд холбоотой.
  • Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн баригдах уг цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай.
  • Өдгөө хэрэгжиж буй “Оюу толгой” төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөний хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилтийг босгох чиглэл баримтална.
  • Энэхүү цахилгаан станцыг “Оюу толгой” компани ажиллуулах бөгөөд дор хаяж 51 хувийг нь эзэмшинэ.
  • 2020 оны нэгдүгээр улиралд цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2023 оны зургаадугаар сарын 30-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
  • Цахилгаан станцыг барих хөрөнгө босгох зарчмыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд хамтарч шийдсэн байх болно.
  • Цахилгаан станц ашиглалтад орох хүртэл Монгол Улсаас эрчим хүч авах судалгаа хийгдэж байгаа. Хэрэв тохиролцоонд хүрвэл 2019 оноос цахилгаан авч эхлэх юм. Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох хүртэл аль болох их хэмжээгээр дотоодоос цахилгаан авна.
  • Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авах хүртэл Өвөрмонголын Эрчим хүчний корпорациас цахилгаанаа авсан хэвээр байх юм.
  • Одоо байгаа зохицуулалтын хүрээнд Монголоос цахилгаанаа худалдаж авна.
  • Мөн “Оюу толгой” компани сэргээгдэх эрчим хүчийг авч ашиглах боломжийг судална.
  • Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж эхэлснээр “Оюу толгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байна.
  • Жилийн дундаж хэрэгцээ одоо 152 мегаватт байгаа бол ирээдүйд 240-259 мегаватт болж өсөх юм. Оргил ачаалал одоо 153 мегаватт байгаа бол ирээдүйд 290 мегаватт болж өснө.
  • Тавантолгой нь “Оюу толгой”-гоос 134 километрийн зайтай оршдог.