Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын иргэнийг тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр Москвад баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын иргэн Пол Уэланыг тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр Москвад баривчилсан байна. Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба энэ тухай гурван өдрийн дараа зарлахдаа Уэланыг “тагнуулын үйл ажиллагаа явуулж байх үед” нь баривчилсан гэжээ.

Тэгвэл баривчлагдсан хүний ах Дэвид Уэлан өчигдөр дүүгээ хуримд оролцохоор Москвад очоод байсныг мэдээлээд аюулгүй байдалд нь санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр дүүгээ гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаагаа CNN сувагт ярьжээ.

ОХУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулсан этгээдэд 10-20 жилийн хорих ял оноодог хуультай. Одоо 48 настай Пол Уэлан нь тэнгисийн цэрэгт алба хааж байсан бөгөөд сүүлийн хэдэн жил Мичиганд төвтэй автомашины эд анги нийлүүлэгч BorgWarner компанид аюулгүй байдал хариуцсан захирлын албан тушаал хашиж байгаа юм байна.

ОХУ-д хэд хэдэн удаа хувийн болон бизнесийн зорилгоор зорчиж байсан тэр өөртэй нь хамт тэнгисийн цэрэгт алба хааж байсан хүний хуриманд оролцохоор арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Москвад очсон ажээ.

Баасан гарагийн өдөр хуримаа хийж буй хосуудтай хамт Кремлийн ордонд зочилсон Пол орой нь хуриманд ирээгүй байна.

АНУ-ын төрийн департмент Даваа гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамнаас баривчилгааны тухай мэдэгдэл хүлээж авжээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар Вашингтон-Москвагийн харилцаа муудаад байгаа.

Энэ шалтгаанаар Оросын иргэн Марина Бутина мөн тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр АНУ-д баривчлагдаад байна. Өнгөрсөн сард тэр буруутайгаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Бутинаг урт хугацааны хорих ялаар сүрдүүлсний үр дүнд хэргийг хүчээр хүлээлгэсэн гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлд мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Associated Press