Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун: АНУ амлалтаа биелүүлэхгүй бол бид шинэ замыг сонгоно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2019 оны эхний өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Хэдийгээр АНУ-тай хийх хэлэлцээрийн үйл явц удааширсан ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах амлалтаа биелүүлэх хүсэлтэй хэвээр байгаагаа Ким Жон Ун илэрхийлсэн байна. Үүнээс гадна тэр Вашингтон эдийн засгийн хоригоо цуцлахгүй бол цөмийн зэвсгийн хөтөлбөрөө даруй сэргээн үргэлжлүүлэх боломжтойг сануулжээ.

“Миний чин хүсэл бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, байнгын энх тайван байдал тогтоох юм” гэж хэлсэн Ким Жон Ун хэрвээ АНУ амлалтаа биелүүлэхгүй бол улс орон нь шинэ зам сонгохоос өөр аргагүй болно гэдгийг анхааруулсан юм.

Тэрээр “Хэрвээ АНУ дэлхий нийтийн өмнө авсан амлалтаа биелүүлэхгүй бол бид өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах шинэ замыг сонгохоос өөр сонголтгүй болно” гэж хэлжээ.

Ким Жон Ун өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах” гэрээг байгуулсан юм.

Гэвч талууд гэрээний утга агуулгын талаар санал зөрөлдөж, цаашдын яриа хэлэлцээрүүд гацаад байна. Умард Солонгосын тал цөмийн зэвсгийн хэд хэдэн байгууламжуудаа буулгаж, гэрээгээ биелүүлэх хүсэл сонирхлоо харуулсан. Үүний дараа Пёньян Вашингтоны хариу алхмыг хүлээж байгаа юм. Харин АНУ-ын тал хамгийн сүүлчийн цөмийн зэвсгийг нь хураах хүртэл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлахгүй гэж мэдэгдээд байгаа.

Өчигдрийн мэдэгдэлдээ Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгчтэй дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Албаны эх сурвалжууд тэдний хоёр дахь уулзалтыг 2019 оны эхээр болно гэж мэдээлээд байна.

 

Эх сурвалж: South China Morning Post