Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс АНУ-ыг цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэх чухал шаардлагатайг хэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Билл Гэйтс жил бүр өнгөрсөн оноо дүгнэж, ирэх оны өнгийг тодорхойлсон мэдэгдлийг Gates Notes блог хуудсандаа бичдэг.

Тэрээр энэ удаа АНУ-ын эрх баригчдыг цөмийн эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, дэлхийд тэргүүлэх шаардлагатай байгааг сануулсан байна.

Хүн төрөлхтөн өнөөдөр газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг шатдаг түлш ашиглаж байгаагийн улмаас агаар мандалд хүлэмжийн хий нэмэгдэж, цаг уурын дулаарлыг түргэсгэж байгаа.

Тиймээс дэлхийн дулаарлыг зогсоохын тулд цэвэр эрчим хүчний хувьсгал хийх хэрэгтэй байгааг Гэйтс онцолжээ. “Цаг уурын өөрчлөлтийг зогсоохын тулд дэлхий нийтээрээ маш олон шийдэл дээр ажиллах хэрэгтэй байна. Тэдгээрийн нэг чухал шийдэл нь цөмийн эрчим хүч. АНУ-ын эрх баригчдыг энэ талбарт хүч түрэн ороосой гэж би хүсэж байна” гэж тэр бичсэн байна.

Аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дэлхийн агаарын дундаж хэмийг Цельсийн 1.5 хэмээр нэмэгдүүлбэл дэлхийд ноцтой гамшиг тохиолдоно гэж эрдэмтэд үздэг.

Энэ хэвээр үргэлжилбэл 2040 онд дээр дурдсан гамшгийн хэмжээнд хүрнэ гэж тооцоолсон тул өмнө нь яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа.

Билл Гэйтсийн үзэж байгаагаар нар, салхины эрчим хүчний өсөлт сайн үзүүлэлт мөн боловч дангаараа асуудлыг шийдэж чадахгүй гэнэ.

Нар гарахгүй бол, салхи үүсэхгүй бол эдгээр эх үүсвэрүүд найдваргүйд тооцогдоно. Харин цөмийн эрчим хүч хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой.

“АНУ-ын хувьд үүнд чиглэсэн дэлхийн хэмжээний эрдэмтэд, бизнесмэнүүд, хөрөнгө оруулалтыг бий болгох онцгой чадвартай. Харамсалтай нь өнөөдөр АНУ 50 жилийн өмнө эзэмшиж байсан цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэх байр сууриа алдаад байна. Дахин энэ байр сууринд хүрэхийн тулд шинэ санхүүжилт, шинэчлэгдсэн зохицуулалтыг бий болгож, хөрөнгө оруулагчдад сонирхол төрүүлэх хэрэгтэй” гэж Билл Гэйтс тэмдэглэлдээ бичжээ.

Тэр цааш нь “Ирэх онд би АНУ хэрхэн цөмийн эрчим хүчний салбарт дахин тэргүүлэх талаар ихийг ярих болно” гэсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider