Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын хоёр хөршийн удирдагчид Шинэ Оны мэндчилгээндээ юуг чухалчлав?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй оны сүүлчийн өдөр буюу Даваа гарагт манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ын удирдагчид уламжлал ёсоор ард түмэндээ хандаж шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Тэдний хэлсэн үг дотооддоо төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээндээ Оросын ард түмэн урьд урьдынхаасаа илүү нэгдмэл байж чадвал 2019 онд олон сорилт, бэрхшээлүүдийг давж, зорилгодоо хүрч чадна гэжээ.

Ирэх онд Оросын эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах салбаруудыг хөгжүүлэх том зорилтууд хүлээж байгааг онцлоод ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах нь 2019 оны нэг чухал зорилт гэж мэдэгдсэн байна.

“Бид зөвхөн эв нэгдэлтэй, нэгдмэл байснаар энэ бүхнийг биелүүлж чадна. Бидэнд хэзээ ч аврагч байгаагүй, цаашдаа ч байхгүй” гэж Путин сануулжээ.

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ мөн 2019 онд хүнд сорилт, бэрхшээлүүд хүлээж байгааг онцлоод эдийн засгийн шинэчлэлтээ сааруулахгүй, нээлттэй бодлогоо үргэлжлүүлэхийг амлажээ.

“Манай шинэчлэлтийн хурд саарахгүй, хаалгаа гадаад ертөнцөд улам өргөнөөр нээж өгнө” гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.

Тэр бас АНУ-тай хийж буй худалдааны дайныг шууд нэр заагаагүй ч 2019 онд сорилт, боломжууд зэрэг тохиохыг ард түмэндээ сануулжээ.

“Бид 100 жилийн түүхэндээ хэзээ ч тохиолдож байгаагүй их өөрчлөлт, сорилтуудтай тулгараад байна. Гэхдээ олон улсын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн Хятад улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа батлан хамгаалах болно” гэж Ши Жиньпин хэлсэн байна.