Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

УлаанбаатАРТ 2018 онд...

ikon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ жил Монголын урлаг соёлын ертөнц санаа сэдэл, урам зоригоор дүүрэн байлаа. Бүтээл туурвилын хүрээ бүр хүртэгчдийнхээ оюун санааг цэнгүүлэх, сэтгэл мэдрэмжийг хөглөх, бодол эргэцүүлэл рүү хөтлөх ажлуудыг санал болгож чаджээ. Тэр дундаа, уран зохиолын ертөнц өрнүүн тод байлаа гэж хувьдаа дүгнэлээ.

 

Монсудар хэвлэлийн газрын хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн “Утга зохиол” цуврал энэ жил Кэтрин Мэнсфилд, Кнут Хамсун, Орхан Памукаар баяжиж, уншигчдад үргэлж хүлээлт, догдлол үүсгэдэг “Тагтаа” хэвлэлийн газар Үй Хуа, Михаил Булгаков, мөн л Орхан Памукаар бэлэг барьсан билээ. Түүнчлэн кино ертөнцийн хувьд ч баялаг өрнүүн байв. “Ларьдма”-гийн үргэлжлэл болох “Амьдрал” нээлтээ хийж, холливуд маягийн адал явдалт, тулаант “Mongolian Connection”-д олон улсын баг ажиллаж, Төв Азийн хамгийн том инди кино наадам болох AKIFF буюу “Алтан хальс олон улсын индепендент кино наадам” зохион байгуулагдаж, цар хүрээ, далайц өргөн “Улаанбаатар олон улсын кино наадам” дэлхийн шилдгүүдийг Монголын дэлгэцнээ авчирсан юм.

Сонсохуй

 

Пянз сонсох соёл энэ жил манайд эргэн сэргэлээ. Хөгжмийн хорхойтон Б.Эрдэнэбаяр хэмээх эрхэм зураач, цуглуулагч Д.Батбилэг, С.Түвдэндорж нарын хувийн цуглуулгаар “World music” хөгжмийн музей нээсэн нь содон байв. Тус музейн үзмэрийн санд 3000 гаруй пянз бий. Түүнчлэн өнгөрсөн хавар “Vinyl” нэртэй пянзны кафе хотын төвд үүдээ нээсэн юм.

Үйлчлүүлэгчид хүссэн пянзаа сонгож тоглуулах боломжтой бөгөөд орчин үеийн хамтлаг дуучдын сүүлийн үеийн шинэ пянзнуудыг санал болгодог нь онцлог. Түүнчлэн The Colors хамтлаг зургаан дуунаас бүрдсэн “Би тэнгэр лүү унаж байна” нэртэй цомгоо пянз хэлбэрээр гаргасан юм. Уг цомгоо гитарчин Б.Хүслэнгийн дурсгалд зориулжээ. 

Үзэхүй

 

Монгол Улсыг дэлхий дахинд нүүдэлч соёл, хөх тэнгэр, хурдан мориор төсөөлөх нь элбэг. Харин “Од ба Гэгээ” кинонд Улаанбаатар хотын залуусын амьдралыг дуу хөгжимд дурласан хоёр залуугаар тольдон харуулжээ. Гол дүр Од өөрийн хамтлагтай ч, хийж буй бүхэндээ сэтгэл дундуур, төөрч будилсан нэгэн. Харин урлагийн гэр бүлд төрж өссөн Гэгээ үндэсний хөгжимд элэгтэй, хийж бүтээх хүсэлтэй, амьдралд хүлээцтэй хандаж сурсан бүсгүй.

Хоёр залуугийн хувь заяа огтлолцож, орчин үеийн болоод ардын хөгжмийн хослолоос шинэ бүтээл төрнө. Киноны гол дүрийг бүтээсэн Б.Дөлгөөн (Магнолиан), М.Номин-Эрдэнэ (N.M.N) нар киноны дуунуудыг хамтран зохиосон бөгөөд Монголын өөр хамтлаг, уран бүтээлчдийн дуу ч киног чимжээ.

Тус кино 2018 оны Бусаны олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийсэн бөгөөд 10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн кино болсон юм.

Мэдрэхүй

 

Уран бүтээлч Д.Үүрийнтуяагийн ажлуудыг эхлээд харахад зүүд мөрөөдлийн уур амьсгалтай. Харин дахин сайтар ажвал орчин үеийн ертөнцийн тухай бараан ёгтлолоор дүүрэн. Хэдийгээр тэр өнгөрсөн намар 976 галерейд дэлгэсэн “ХадгалагдаХ” үзэсгэлэндээ далд утга учраас илүүтэй зургийн зохиомж, давтамжуудыг онцлохоо урьтал болгосон ч толилуулсан бүтээлүүд нь зөвхөн түүнээс харж болох эмзэг мэдрэмтгий хэрнээ хурц хүчтэй шинж чанартай, баялаг өгүүлэмжтэй байлаа.

Түүнчлэн 976 галерейн зүгээс энэ жилийн Плэйтайм наадмын Нааглихац тайзны орон зайн гэрэлтүүлэг, эффектийг хийсэн нь онцлог байв. Тэд энэ үеэр Голландын уран бүтээлч Сара Орфалитай хамтран ви-жей буюу амьд визуал тоглолтыг анх удаа Монголд хийсэн нь маш шинэлэг бөгөөд өвөрмөц байв. 

Уншихуй

 

“Тагтаа” хэвлэлийн газраас Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Үй Хуагийн хамгийн алдартай туурвил болох “Амьдрахуй” туужийг орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар хүргэсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг.

Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж юм.

 

Б.Баярсайхан