Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Флоид Мэйуидер өнөөдөр 9 минутын шоу үзүүлээд $125 саяыг өвөртөлнө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын мэргэжлийн боксын домогт тамирчин Флоид Мэйуидер өнөөдөр Японы кикбоксын залуу аваргатай Токиогийн ойролцоо тулалдах гэж байна.

Зодог тайлаад байгаа 41 настай Мэйуидер тус бүр гурван минутын урттай гурван үеийн турш боксын дүрмээр тулалдах юм. Түүнтэй тулалдах 20 настай Тэншин Насукава нь дэлхийн өсвөр үеийн каратэгийн аварга болж байсан, 16 насандаа кикбоксчин болж 28 тулаан хийснээс ганц ч ялагдаагүй, 21-ийг нь нокаутаар дуусгаж байжээ.

Харьцуулбал Мэйуидер 50 тулаанд 50 ялалт байгуулсны 27 нь нокаут юм.

Боксын дүрмээр явагдах тулааны үеэр хөлөөр цохих хориотой. Дүрэм зөрчих тохиолдол бүрт буюу Насукава Мэйуидерыг өшиглөх бүртээ $7 саяын торгууль хүлээх гэнэ.

Тулааны шагналын хэмжээг албан ёсоор зарлаагүй ч Мэйуидерыг $125 саяыг өвөртөлнө гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тэр дэвжээн дээр байсан секунд бүртээ $230,000-ыг олно гэсэн үг юм.

Тэмцээний өмнөх хэвлэлийн хурал дээр Мэйуидер өөрийгөө бараг унтаагаараа тулалдана гэж мэдэгджээ. “Энэ бол цэвэр энтертайнмэнт. Би юунд ч санаа зовохгүй байна. Би хүнд цохилт авсан ч, газарт уналаа ч санаа зовохгүй. Бид зүгээр л үзэгчдийг баясгах зорилготой” гэж тэр ярьсан байна.

Харин Насукава “Японд байгаа бүх хүмүүс сонс. Би Мэйуидерыг энэ тулаанд ялна” гэж нэлээд ширүүн үгтэй мэдэгдэл хийжээ.

Өнөөдөр Сайтамад Улаанбаатарын цагаар 14:00-д эхлэх тэмцээний 14 тулааны нэг нь Мэйуидер-Насукавагийнх байна.

 

Эх сурвалж: BBC