Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Генийн засвартай анхны хүүхэд төрүүлсэн Хятадын эрдэмтнийг гэрт нь хорьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сард гени засварлах CRISPR технологи ашиглан ДОХ-ын халдвартай эцэг эхээс эрүүл хүүхэд төрүүлснээ зарлаж байсан Хятадын эрдэмтэн гэрийн хорионд оржээ.

ДОХ-ын халдвар дамжуулах үүрэгтэй эсийг нь лабораторид сольсны дараа мэндэлсэн ихэр охид эрүүл саруул байгааг тэр Хонг Конгод болсон хурлын үеэр мэдээлж байв. Хэ Жянкүй өмнөд Хятадын Шэнжэнь хотын Шинжлэх Ухаан, Технологийн Өмнөдийн Их сургуульд судлаачаар ажилладагаас гадна биотехнологийн хоёр ч стартап компанийг байгуулалцсан хүн юм.

Түүний мэдэгдлийг олон улсын шинжлэх ухааны салбарынхан харамсаж, эсэргүүцэн хүлээж авсан. Хятадын засгийн газар мөн Хэ Жянкүйн судалгааны ажлыг даруй зогсоож байсан юм.

Тэгвэл одоо дуулиант туршилт хийсэн эрдэмтнийг гэрт нь хориод байгааг Нью Йорк Таймс сонин олж мэдээлжээ.

Хэ Жянкүй болон түүний гэр бүл их сургуулийн хотхон дотрох байрандаа зэвсэгтэй харуулын хараа хяналт дор амьдарч байгаа гэнэ. Доктор Хэ арваннэгдүгээр сарын сүүлээр өөрийн туршилтыг хамгаалсан мэдэгдэл хийснээсээ хойш олны нүдэнд дахин харагдаагүй юм.

Эрх баригчид түүнд утсаар ярих, имэйлээр харилцах эрх олгосон ч гэрээсээ гарч явахыг нь бүрэн хориглосон байгаа гэнэ. Хүний генийг засварлах нь ёс зүй, хууль эрх зүйн олон асуудлыг хөнддөг түвэгтэй сэдэв бөгөөд ийм туршилт явуулахыг дэлхийн улс орнуудад хатуу хориглож байгаа.

Хэ Жянкүйн ажилладаг их сургуулийн захиргаа болон үүсгэн байгуулалцсан Vienomics компани нь түүнийг хаана байгаа талаар баттай мэдээлэл өгч чадахгүй байгаа бол албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

 

Эх сурвалж: New York Times