Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенко Путинд дөрвөн уут төмс бэлэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай өнгөрсөн Бямба гарагт Москвад уулзахдаа шинэ жилийн онцгой бэлэг барьжээ.

Тэр дөрвөн уут төмс, торхтой гахайн өөхийг Оросын төрийн тэргүүнд бэлэглэжээ. Бямба гарагт тэд Оросоос Беларусьт нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифын асуудлаар хэлэлцсэн нь долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа уулзсан хэрэг байв.

Лукашенко өөрийн ногооны талбайд тарьсан элит сортын төмс бэлэглэснийг Беларусийн албаныхан мэдээлжээ.

Энэ оны эхээр ОХУ эрчим хүчний татварын хэмжээгээ өөрчилсөн нь Беларусийн авдаг газрын тос, байгалийн хийн үнэнд ихээр нөлөөлж байгаа юм.

Минскийн эрх баригчид энэ өөрчлөлтийг шүүмжилж байгаа бол Москва тэднийг бусад улс орнуудаас илүү хямд үнээр авсан хэвээр байгааг сануулсан байна.

Ажиглагчид Оросын эрх баригчид 1999 оны Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Беларусийг өөртөө эдийн засгийн хувьд нэгтгэхээр шахалт үзүүлж байгаа гэж тайлбарладаг.

Харин 29-ний уулзалтын дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг няцааж “Бид нэг нь нэгэндээ нэгдэх тухай огт яриагүй. Харин харилцан хоёр чиглэлийн урсгалын талаар ярилцаж байгаа. Нэг чиглэлтэй урсгал байх боломжгүй” гэжээ.

Энэ сарын дундуур Лукашенко Оросын сэтгүүлчидтэй Минск хотод уулзахдаа “Газрын тос, байгалийн хийн үнээр дарамталж, Беларусийг Орост нэгтгэхийг огт зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty