Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс ирэх оноос сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгох шийдвэрт хүрчээ

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт болсон хуралдаанаараа боловсролын салбарын урт хугацааны төлөвлөгөөгөө хэлэлцэж тус салбарт хийгдэх хэд хэдэн шинэчлэлийг баталжээ.

Тухайлбал, ирэх 2019 оны аравдугаар сараас эхлэн 3-5 насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгохоор болсон байна.

Мөн энэхүү шийдвэрээс гадна бага орлоготой өрхийн хоёр хүртэлх насны хүүхдийг өдөр өнжүүлэхэд үнэгүй хамруулахаар болсон бол 2020 оноос эхлэн мөн бага орлогтой өрхийн их, дээд сургуульд сурч буй оюутнуудад тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж, сургалтын тэтгэлэг олгохоор баталсан талаар тус улсын эх сурвалжууд мэдээлэв.

Эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлж, бодит болгосноор жил бүр буурсан үзүүлэлттэй гарах болсон тус улсын төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх боломжтойг Японы боловсролын салбарынхан дурджээ.

Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абэ Засгийн газрын хуралдааны үеэр ‘’Бид улс үндэстнийхээ нийгмийн аюулгүй байдал, халамжийн тогтолцоонд өөрчлөлт авчрах цаг ирсэн. Ингэхдээ бид бага настнаас эхлүүлэн ахмад настан хүртэл, нийгмийн бүхий л давхаргад өөрчлөлт үзүүлж, амьдралын түвшинг нь дээшлүүлэн ажиллах болно. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгох шийдвэр нь маш чухал алхам болж байгаа юм” хэмээжээ.

Япон улс сургуулийн өмнөх боловсролд жилд нийт 776 орчим тэрбум иень төсөвлөхөөр тооцсон бөгөөд энэ нь ойролцоогоор долоон тэрбум ам.доллартай тэнцэх аж.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсрол олгож буй цэцэрлэгт хамрагдаж буй 3-5 насны нэг хүүхдэд олгох мөнгө нь 25,700 иень байх ба энэ нь ойролцоогоор 230 ам.доллар юм. Сурагчдын хоолны мөнгө үүнд багтаагүй ба тусад нь мөн олгох аж.

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсрол олгож буй байгууллага болон цэцэрлэгт өндөр шалгуур тавьхаар зэхэж байгаа юм байна.

 

Эх сурвалж: The Japantimes