Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Британий армийн офицер Антарктидыг ганцаар хөндлөн туулсан хоёр дахь хүн боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Антарктид тивийн нэг захаас нөгөө зах хүртэл ганцаараа, зөвхөн өөрийн хүчинд тулгуурлан аялсан хоёр дахь хүнээр Британий армийн офицер тодорлоо.

49 настай ахмад Луйз Рудд нийт 1,600 орчим километр замыг 56 хоногт туулж, Баасан гарагт барианд орсон байна. Түүнтэй арваннэгдүгээр сарын 3-нд гараанаас зэрэг гарсан АНУ-ын 33 настай аялагч Колин О Брэди өнгөрсөн Лхагва гарагт барианд орж, түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.

Британи аялагч түүнээс хоёр хоног хоцорч ирснээр дэд байранд бичигдэж байна.

Руддын найз, аялагч Хенри Ворсли 2016 онд Антарктидыг ганцаар хөндлөн туулсан анхны хүн болох гэж аялаад барианд орохоос 50 орчим километр дутуу байхад амиа алдсан юм. Тэгвэл Рудд гадны ямар ч тусламж дэмжлэгггүйгээр, зөвхөн өөрийн хүчээр гүйлтийн цана хөлөглөн хөлдүү тивийг туулж барснаас гадна найзынхаа хүслийг биелүүлсэндээ баяртай байна.

Тэрээр 140 кг жинтэй ачаа чирж, Цельсийн -30-аас бага хэмийн хүйтэнд зөвхөн шоколад, самар, бяслаг, салямигаар хооллон аялжээ.

Аялалын турш тэр Уинстон Черчиллийн аудио ном, 1980-аад оны дуунуудыг сонсон өөрийгөө зоригжуулж байсан гэнэ.

Рудд мэргэжлийн аялагч О Брэдигээс хоёрхон хоногийн зайтай барианд орж чадсандаа үнэхээр их баярлаж байгаагаа хуваалцжээ. Түүний аяллын талаарх мэдээллийг lourudd.com блогоос нь авах боломжтой.

 

Эх сурвалж: The Guardian