Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн цэрэг Курдын хяналтад байдаг хотод орж ирснээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Сирийн Курд дайчид

Курдын мэдэлд байдаг Манбиж хотод Сирийн засгийн газрын цэрэг орж ирснийг Баасан гарагт зарлажээ.

АНУ-ын цэрэг Сириэс гарахаар болсны дараа тэдний гол холбоотон байсан Сирийн Курд зэвсэгт бүлэглэл хүнд байдалд ороод байгаа. Учир нь эзгүйрсэн орон зайг Туркийн арми нөхөж, Курдын эзэмшлийн газар нутагт дайран ороход бэлэн болоод байгаа юм.

Анкара Курдын зэвсэгт бүлэглэлийг террорист байгууллага гэж үздэг бөгөөд өөрийнх нь дотоодод салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Туркийн Курдүүдтэй холбоотой гэж үздэг.

Тиймээс АНУ-ын цэрэг гарсны дараа Туркийн арми Сирийн хойд хэсэгт байлдааны ажиллагаа явуулахаар бэлдэж байна. Харин Курдүүд энэ хооронд шинэ холбоотноороо Сирийн засгийн газрыг сонгож, өөрийн эзэмшлийн төв болох Манбиж хотод цэргээ оруулах хүсэлтийг Дамаскад тавьсан юм.

Курдын урилга нь Сирийн зүүн хойд хэсэгт АНУ-ын дараа Орос, Ираны оролцоотой шинэ хүч төвлөрөх боломжийг олгож байна. 

Өнөөдөр буюу Бямба гарагт Москва хотод Оросын эрх баригчид Туркийн төлөөлөгчидтэй Сирийн асуудлаар уулзах гэж байгаа. Уг уулзалтаар Курдын газар нутагт ямар дэглэм тогтох тохиролцоо хийгдэх бололтой.

Курдын зэвсэгт бүлэглэл одоогоор Сирийн газар нутгийн 30 орчим хувийг хянаж байгаа. Тэд АНУ-ын агаарын ажиллагааны дэмжлэгтэйгээр Исламын улс зэрэг террорист бүлэглэлийн эсрэг дайтаж байгаа юм.

Сирийн засгийн газар Курдуудын урилгаар Манбиж хотод нэвтэрч, төрийн далбаагаа мандуулсан тухай мэдээлж байна. Курдын тал ч Туркийн эзлэн түрэмгийллээс хамгаалахын тулд Манбиж хотыг Сирийн армийн хяналтад шилжүүлснээ зарласан юм.

Харин АНУ тэргүүтэй холбоотнууд засгийн газрын цэрэг Манбиж хотод орж ирсэн гэх мэдээллийг няцаажээ. Орос, Ираны талууд Сирийн засгийн газрын мэдэгдлийг сайшаан хүлээж авсан байна.

Кремлийн төлөөлөгч энэ үйл явдлыг бүс нутгийг тогтворжуулах эерэг алхам гэж нэрлэсэн бол Ираны засгийн газар Сирийн засгийн газар бүх газар нутагтаа хяналт тогтоох чухал алхам гэж дүгнэсэн юм.

Харин Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Сирийн засгийн газрын алхмыг “сэтгэл зүйн дайралт” гээд Манбижийн нөхцөл байдал тодорхой болоогүй байгааг баталжээ.

Ийнхүү АНУ-ын цэрэг Сириэс гарсны дараа тус улсын зүүн хойд бүс нутагт хэн хяналтаа тогтоох, хүчний харьцаа хааш эргэх нь шийдэгдэх гэж байна.

 

Эх сурвалж: Associated Press