Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хөлөг овоо хараагаа нисэх онгоц руу нь чиглүүлж байгаа дүрс бичлэгийг Японы тал үзүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Японы засгийн газар Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг бууныхаа овоо харааг өөрийнх нь хилийн харуулын нисэх онгоц руу чиглүүлснийг батлах видео дүрсийг олон нийтэд үзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы зүүн хойд эргийн орчимд болсон үйл явдал хоёр орны хооронд ээлжит маргаан үүсгээд байгаа юм.

Японы батлан хамгаалах яамны гаргасан 13 минутын дүрс бичлэгт тус улсын P-1 харуулын онгоц Өмнөд Солонгосын байлдааны хөлөгтэй холбоо барьж тодруулга хүсэж байгааг, харин нөгөө талаас ямар ч хариу өгөөгүйг харуулжээ.

Японы хяналтад байдаг тэнгисийн бүсэд яваа Өмнөд Солонгосын байлдааны хөлөг энэ үеэр хэд хэдэн удаа бууныхаа овоо хараа радарыг Японы онгоц руу чиглүүлсэн байна. Ингэх нь илт өдөөн хатгаж, дайсагнасан үйлдэлд тооцогддог ба гал нээхийн өмнөх эцсийн алхам юм.

Харин Өмнөдийн тал үүнийг няцааж, энэ бүсэд орж ирсэн Умард Солонгосын загас агнуурын завийг аврах ажиллагаа явуулж байхдаа оптик камераа Японы нисэх онгоц руу чиглүүлсэн гэж тайлбарлаж байна.

Сөүлийн албаныхан нөхцөл байдлыг хүндрүүлж, буруу тайлбарласан видео бичлэг тараасан явдалд харамсаж байгаагаа өчигдөр Японы талд илэрхийлсэн байна.

Бичлэгт үзүүлснээр Японы нисгэгч радио холбоогоор овоо харааны радарын антен өөр рүү нь чиглэж байгааг ямар шалтгаантай болохыг англи хэлээр дахин дахин асуужээ. Гэвч Өмнөд Солонгосын хөлгөөс ямар ч хариу ирээгүй байна.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны төлөөлөгч уг бичлэгт нисэх онгоц руу овоо хараагаа чиглүүлснийг батлах баримт алга гээд харин аврах ажиллагаа явуулж байсан хөлөг рүү нь Японы онгоц хэт нам өндрөөр нисэж, аюул учруулж байсныг харууллаа гэж хариу тайлбарлажээ.

Тэгвэл Японы батлан хамгаалах яам хоёр орны хилийн хамгаалалтынхны хооронд яг ямар үйл явдал болсныг дэлхий нийтэд харуулж, өөрийнх нь тал ямар нэг буруутай үйлдэл хийгээгүйг батлах зорилготой уг видеог тарааснаа тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Associated Press