Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 2018 онд хийгдсэн онцлох ажлууд

www.ulaanbaatar.mn
2018 оны 12 сарын 29
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн бүтээн байгуулалтын онцлох ажлуудыг хүргэж байна. Нийслэл хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжсэн иргэн танд баярлалаа.

Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нйислэлийн удирдлагын шинэ баг хүлээн авсан юм. Үүнд концессийн гэсэн тодотголтой бүх өр, аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв.

Хэдийгээр нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, бүх өрийг төлж дуусгахын төлөө чармайн ажиллаж эргэн төлөлтийг бүрэн хийв.

Нийслэл хотын удирдлага эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ийнхүү ажилласны үр дүнд 2018 он гэхэд эдгээр өрийг бүрэн барагдуулж, Улаанбаатар хот өргүй хот болж чадлаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа.“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусган боловсруулж, жилийн ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэн ажиллав.

Иргэдийнхээ санал санаачлагаар автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2018 онд автозамын бүтээн байгуулалтад голлон анхаарч, гол гүүр, гүүрэн гарцуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байна. Ирэх 2019 оныг явган хүний зам, дугуйн замыг сайжруулахад анхаарч, иргэд чөлөөтэй зорчих боломжоор хангах аян өрнүүлж, эрчимтэй ажиллахаар болоод байна. Мөн гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах чиглэл барихаар болов.

Нийслэлийн 2018 оны төсвийг боловсруулахдаа “Иргэдийн оролцоотой төсөв 2018” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 893 иргэн оролцсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны  үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн хугацаанд “Нэг өрх-нэг ажлын байр”, “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл”, “Нийслэлийн боловсрол-2020”, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжил”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих”,  “Нийслэлийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”, “Соёлын үйлдвэрлэл”, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”,  “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Хүн амын ахуйн үйлчилгээ”, “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зэрэг 17 дэд хөтөлбөрийг НИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа их хотын дэд бүтцийн хөгжлийн тулгуур баганын нэг бол автозамын салбар. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр  барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 онд эхэлсэн “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр гүүр болон Сонсголонгийн 289.4 урт метр гүүр шинээр барих” томоохон төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 оны хавар зэрэгцэн эхэлж барилгын ажил графикт хугацаандаа чанарын өндөр үзүүлэлттэй явж байна.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос  замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ. Уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай туннелтэй юм.

Сонсголонгийн гүүрийг шинэчлэн барьснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болох юм.

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ыг тус тус хийсэн байна.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг нийслэл хот өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ ус зайлуулах төхөөрөмж хийх ажилд онцгой анхааран ажиллаж байна.

Эдгээр нь Монголд анх удаа найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай давхар гүүрүүд гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж хэлэхээр ажлууд юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, НИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгасан үндэслэлүүдээр “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарлан айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх юм. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Сервис центр буюу “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн Сервис центр байгуулах шинэ бодлого гарган ажиллаж нийт 11 байршилд судалгаа хийснээс 2018 оны 11 дүгээр сард Сервис центр байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороон дахь байршил юм. Үлдсэн гурван байршил болох Хан-Уул дүүргийн 9 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

Уг төслийн ажилтай уялдуулан Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтран иргэдийн байшинг дулаалах аян өрнүүлж байна. Байшингийн дулаалгын зардлын 70 хувийг цэвэр агаар сан төсөл, 30 хувийг иргэд гаргахаар шийдвэрлэсэн. Иргэдийн гаргах 30 хувийн зардлыг Хас банктай хамтран жилийн 8 хувийн хүүтэй зээлээр төлөхөөр төсөлд хамрагдах иргэдийг бүртгэж дууссан байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс