Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад хар тамхи нэвтрүүлсэн Канадын иргэнийг маргааш шүүнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадад их хэмжээний хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан Канадын иргэнийг шүүх ажиллагаа Бямба гарагт болохыг Хятадын төв хэвлэлүүд мэдээлжээ.

Уг хурал нь Хятад-Канадын хооронд дипломат маргаан өрнөж байгаа хүнд хэцүү цаг үед болох гэж байгаагаараа онцлог юм. Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Huawei компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг Ванкуверт баривчилсан. Түүнийг эдийн засгийн хориг зөрчин Ирантай наймаа хийсэн хэмээн буруутгаад АНУ-ын захиалгаар баривчилсан гэж байгаа.

Үүний дараа Хятадад амьдардаг Канадын гурван иргэнийг дараалан баривчилж саатуулаад байна. Маргааш болох шүүх хурал зүүн хойд Хятадын Ляонинь мужид болох бөгөөд сэжигтнийг Роберт Ллойд Шелленбэрг гэгч болохыг мэдээлжээ.

Түүнийг их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн буруутай гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Хятадын төрийн өмчийн Global Times сайтад тус улсын хуулиар нэг килограмаас дээш хэмжээтэй опиум, 50 граммаас дээш хэмжээтэй героин, метиланилин хилээр нэвтрүүлэхийг оролдсон этгээдэд 15 жил шоронд хорих, ноцтой тохиолдол цаазын ял оноодог тухай тайлбарлажээ.

Уг нийтлэлд жишээ болгон 2009 онд цаазлуулсан Британий иргэн Акмал Шайхыг дурдсан байна. Тэр дөрвөн килограм героин нэвтрүүлэх гээд баригдаж байжээ.

Канадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Шелленбэргийг анх Ляонинь мужид баривчлагдсан цагаас нь эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлж, холбоотой байгааг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP