Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Иракчууд АНУ-ыг цэргээ гаргахыг шаардaж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн гэнэтийн айлчлалд Иракийн улс төрчдийг бухимдуулжээ.

Тэд Трампын айлчлалыг “дээрэнгүй”, “тусгаар улсыг үл хүндэтгэсэн” гэх зэргээр нэрлэж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Багдадаас 100 км зайтай Аль Асад агаарын баазад хэдэн цаг саатаад буцсаныг Иракийн албаны хүмүүс бараг мэдээгүй өнгөрсөн юм.

Дипломат ёсны дагуу аль нэг улсын төрийн тэргүүн өөр бусад улсын газар нутагт зочилбол заавал засгийн газрын тэргүүнтэй нь уулзах ёстой.

Гэтэл Трамп Иракийн ерөнхий сайд Адел Абдул Махдитай уулзалгүй, буцахынхаа өмнөхөн утсаар яриад өнгөрсөн байна. Тэднийг зарим асуудлаар байр суурийн зөрчилтэй байсан тул уулзаагүй гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Иракийн хууль тогтоогчид Трампыг АНУ-ын аль нэг муж улсаар аялж яваа мэт аашилсан гэж бухимдаж байна. Тэдний зарим нь АНУ-ын цэргийг Иракаас гаргахыг шаардаж эхэлжээ.

Харин Трамп цэргүүдтэйгээ уулзахдаа энэ улсад байрлаж байгаа 5,200 цэргээ гаргахгүй, Иракийн баазыг Сирид явуулах байлдааны ажиллагааны түшиц газар болгоно гэсэн юм.

Тэгвэл Иракийн парламентын гишүүн Хаким Аль Замили “Ирак улсыг АНУ-ын эрх баригчид Орос, Ирантай зөрчилдөх платформ болгон ашиглахыг бид зөвшөөрөхгүй” гэж хэлжээ. Өөр нэг хууль тогтоогч Сабах Аль Сайди “Трамп хэмжээ хязгаараа мэдэх ёстой. Америкчуудын Иракийг эзлэн түрэмгийлэх ажиллагаа дууссан” хэмээн ярьсан байна.

Трампаас өмнө 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ баазад зочлохдоо Иракийн ерөнхий сайдтай уулзаж байсан юм.

Өнгөрсөн тавдугаар сард Иракт болсон сонгуулийн дараа АНУ-ын нөлөөг бууруулах зорилготой, Ираны талыг баримтлагч Шийт улс төрийн хүчин парламентад байр сууриа нэмэгдүүлээд байгаа.

Харин Трампын айлчлалын талаар тус улсын Суннит улс төрчид ямар нэг сөрөг мэдэгдэл хийгээгүй, нам гүм байна. Учир нь тэд улс оронд нь нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа Ираны дэмжлэгтэй бүлэглэлийн эсрэг АНУ-ын цэргийг нутагтаа байлгаж, хүчний харьцааг тэнцүүлэх хүсэлтэй байгаа юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс АНУ-ын ерөнхийлөгч Иракийн ерөнхий сайдтай утсаар ярихдаа түүнийг Вашингтонд урьсан тухай мэдээлжээ. Харин Иракийн засгийн газрын эх сурвалж энэ мэдээллийг батлахаас татгалзсан байна.

 

Эх сурвалж: Associated Press