Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амингүнж: Би ХААН банкны захирал болох мөрөөдөлтэй

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 28
Үндэсний шуудан
 

Шинэ он айлчлан ирэхэд гуравхан хоног үлдлээ. Он солигдохтой зэрэгцэн салбар бурийн шилдгүүд тодорч байна. Тухайлбал, нийслэл хот шилдэг хүүхдүүдээ 18 дахь жилдээ тодруулав. Нийслэлийн шилдэг хүүхдийн шалгаруулалтад нийт 400 орчим хүүхэд материалаа ирүүлснээс 45 хүүхдийг шилдгээр тодруулжээ. Тэдний нэг бол Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч Г.Амингүнж юм. Тэрбээр энэ оны нийслэлийн “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр тодорсон. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганбаатарын Амингүнж гэдэг. Би найман настай. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн Б.Одгэрэл багштай 5з ангид сурдаг.

-Нийслэлийн шилдэг хүүхдээр тодорсонд баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Нийслэлийн “Оюунлаг хүүхэд”-ээр шалгарахад ямар, ямар шалгуурыг давсан бэ?

-Зуу зуун хүүхдүүд дундаас шилдэг 45-ын нэг болно гэдэг миний хувьд их азтай хэрэг. Энэ шалгуурт тэнцэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн зүйл нь дөрвөн настайдаа нэгдүгээр ангид орсон явдал болов уу гэж бодож байгаа. Учир нь над шиг дөрвөн настайдаа сургуульд орсон хүүхэд цөөхөн байдаг.

-Яагаад дөрвөн настай сургуульд орох болсон юм бэ?

-Би тэр үед өвөө, эмээ дээрээ буюу Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг байсан. Дөрвөн нас хүрээд цэцэрлэгт явах гэтэл аваагүй. Яагаад вэ гэхээр өвөө, эмээ хоёр маань сумын төвийн шатахуун түгээгүүрийн газар ажилладаг байсан. Гэтэл цэцэрлэгийн багш нь бензин зээлээр өгөөгүй гээд намайг цэцэрлэгтээ аваагүй юм.

Харин би гурван настайдаа тоо, үсгээ сурчихсан болохоор нэгдүгээр ангид орох шалгалт өгөөд тэнцэж сургуульд орсон. Надад хамгийн анх А үсэг заасан багш бол Уянга сумын сургуулийн багш Даваадолгор. Харин одоо манай ангийн багшийг Б.Одгэрэл гэдэг. Багш маань надад олон, олон бодлогуудыг бодох аргыг заасан.

-Гэр бүлийнхээ танилцуулахгүй юу?

-Ээж, аав хоёр маань ажилтай, намайг харах хүнгүй болоод би бараг нэг настайгаасаа эмээ өвөө хоёр дээрээ байсан. Манай аавыг Ц.Барсболд, ээжийг Г.Оюунчимэг гэдэг. Дүүг маань Б.Амин-Үжин гэдэг. Харин өвөөг маань Л.Ганбаатар, эмээг маань Х.Буяндэлгэр. Намайг бүр багаас минь өдий болтол өсгөж өгсөн эмээ өвөө хоёртоо маш их баярлалаа гэж хэлье.

-Хамгийн дуртай хичээл нь юу вэ?

-Тооны хичээлд хамгийн дуртай.

 

-Шатар тоглоод Өвөрхангай аймгийн аварга болсон гэсэн. Хэдэн насандаа шатар тоглож сурсан юм бэ?

-Анх зургаан настайдаа шатар тоглож сурсан. “Монгени” сургуулийн “Хөх толбо” шатрын клубт ээж маань намайг явуулсан. Миний гаргасан амжилт гэвэл энэ жил Өвөрхангай аймгийн аварга болсон. Мөн хангай болон говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж гуравдугаар байр эзэлсэн.

-Нийслэлийн шилдэг хүүхэд болоход нь найз нөхөд нь хэрхэн хүлээж авч байна?

-Би нийслэлийн шилдэг хүүхэд шагналаа авчихаад ангийн болон сургуулийн шинэ жилээсээ хоцорчихсон. Хотын төвийн түгжрэл үнэхээр хэцүү. Тэрнээс болоод би сургуулийн шилдэг хүүхэд болсноо ч авч чадаагүй. Намайг очиход ангийнхан маань тараад явчихсан. Дөрөвхөн хүүхэд ангиа цэвэрлээд байж байсан.

-Шатар тоглох, тоо бодох хоёроос өөр хийх дуртай зүйл байна уу?

-Зураг зурах дуртай. Чөлөөт цагаараа зураг зураад л сууж байдаг.

-Ирээдүйд ямар хүн болохыг мөрөөддөг вэ. Ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?

-Би ирээдүйд сайн хүн болоод дүүдээ сайн эгч нь байж аав, ээж, эмээ, өвөөгөө баярлуулна. Би "Хаан” банкны захирал болох мөрөөдөлтэй. Ингэхийн тулд англи хэл болон математикийн хичээлдээ сайн байх хэрэгтэй. Яагаад гэвэл дандаа тоо боддог бас олон гадаадын хүмүүстэй харилцдаг. Бас гадаадын олон орноор аялж үзэхийг хүсдэг. Үүнийгээ бас биелүүлнэ.

-Чамд амжилт хүсье.

 

 

Зураг