Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Д.Сүхбаатарын талбайд жагсах биш, чуулганы танхимд орж ирээд асуудлаа шийдэх ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы ирц бүрдээгүйтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсад үүссэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганд мэдээлэл хийх хуваарьтай байсан. Гэвч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Өчигдөр ҮАБЗ-өөс УИХ-д албан бичиг ирсэн. Үүнд өнөөдөр, маргаашдаа чуулганы ирцээ бүрдүүл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ҮАБЗ-ийн даргын хувьд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг намуудын бүлэгт болон зургаа дахь удаагаа чуулганы хуралдаанд суугаагүй 30 гишүүнд хүргүүллээ. 

Өнгөрсөн долоо хоногт хоёр Байнгын хороо хуралдсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороогоор агаарын бохирдол, хүн амын дундах өвчлөлийн асуудлыг хэлэлцсэн.

Төрийн байгуулалтын Байнгын хороогоор УИХ-ын даргыг огцруулах нэр бүхий гишүүдийн гаргасан шаардлагыг хэлэлцээд хуульд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байгаа тул чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн албан бичгийг УИХ-д ирүүлсэн.

Он гарах гэж байна. Маргааш энэ жилийн хамгийн сүүлийн чуулган. Он гарахаас өмнө хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг томилох ёстой. 

УИХ-ын 75 гишүүнд хууль санаачлах эрх нь байгаа. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас ойлголцол, зөвшилцлөөр л гарна. Жагсаал цуглаан бол хамгийн зөв шийдэл биш. Учир нь ард түмэн төр барих эрхээ сонгосон 75 гишүүнээрээ дамжуулан эдэлж байгаа. Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагсах биш, чуулганы танхимд орж ирээд асуудлаа шийдэх ёстой.  Ийм хуулийн зохицуулалттай. 40 гишүүн бол ямар ч хуулийн батлах хангалттай тоо" гэлээ.