Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

116 дугаар сургуулийн багш нар хуучин захирлыг дахин томилсныг эсэргүүцэв

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй багш нар хууль бус үйлдлийнхээ улмаас халагдсан захирлыг ажилд нь буцаан томилсныг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

116 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Сарантөгс "Бид 116 дугаар сургуулийн төгсөгчид. Мөн энэ сургуульдаа 10-аас дээш жил ажилласан. 

Юун түрүүнд, эрх ашигтаа ноёлуулсан, хулгайч захирлаа хурдан татаж аваач ээ гэж хэлмээр байна. Манай сургуулийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар маш таагүй байна. Багш нарын уур амьсгал, сурагчдын сэтгэл зүй, ажиллах орчин маш хүнд байна. 

БСШУСЯ сүүлийн 10 жилд манай сургууль дээр байнга үүрэг гүйцэтгэгч захирал томилсон. Сүүлийн нэг жилийн дотор 4 захирал томилсон. Энэ бүхнээс Боловсролын яам харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар ханддаг нь харагдаж байна. Яам 116 дугаар сургуулийг удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй. 

2014 онд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажлаас халагдаж байсан захирлыг өнөөдөр дахиад үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь ямар учиртай вэ. Дахиад хулгай хий, албан тушаалаа ашигла гэж байгаа юм болов уу. Эсвэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг ингэж дорд үзэж байгаа юм уу гэсэн хардлага төрж байна.

Тиймээс бид сургуулийнхаа нэр төрийг цэвэрлэж, тогтвортой үйл ажиллагааг бий болгохын төлөө тэмцэж байгаа юм" гэлээ.

Бага ангийн багш Ч.Амарзаяа "Өнөөдрийн байдлаар манай сургуулийн бүх багш, ажилчид урамшууллын мөнгөө аваагүй байна. Үүнээс болж бид шинэ жилээ ч тэмдэглэж чадахгүй байна. 

Ийм нөхцөл байдалд хүрсэн нь 4 захирал солигдсонтой холбоотой. Захирлын томилгооны асуудлын цаана ашиг сонирхлын зөрчил байна. Яагаад ажлаа хийж байгаа багш нар хохирогч болох ёстой юм.

Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад 116 дугаар сургуулийн захирлын томилгооны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн шаардлагыг хүргүүлж байна" хэмээн ярилаа.

Тэдний хүргүүлэх шаардлагыг үл тоон хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрийг ашиглан харааны бэрхшээлтэй суралцагсад болон багш, ажилчдын эрх ашгийн төлөө тууштай тэмцэхээ мэдэгдлээ.