Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ирак дахь цэргийн бааздаа гэнэтийн айлчлал хийлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирак дахь өөрийн цэргийн баазад гэнэтийн айлчлал хийжээ.

Тэрээр 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа дайны идэвхтэй бүсэд зочилж байгаа нь энэ юм. Трамптай хамт тэргүүн хатагтай Меланиа хамт аялсан байна.

Багдадын баруун хэсэгт орших Аль Асад агаарын баазад цэргүүдийн өмнө үг хэлэхдээ Трамп саяхан Сириэс цэрэг гаргах шийдвэр гаргаснаа зөвтгөн тайлбарлажээ.

“Миний бодлоор олон хүн яагаад ийм шийдвэр гаргасан талаар бодож тунгааж байгаа байх. Бид одоо толгойгоо ажиллуулах цаг болсон. Хэрвээ Сирид бид ямар нэг ажиллагаа явуулах хэрэгтэй бол энэ баазыг ашиглаж болно шүү дээ” гэж тэр хэлсэн байна.

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Сириэс бүх цэргээ гаргах гэнэтийн шийдвэрээ зарлаж, мөн түүнийг Афганистанд байрлаж байгаа цэргийнхээ тоог тал хувиар бууруулах гэж байгаа тухай яриа тараад байна. Түүний шийдвэрийг АНУ-ын хоёр гол намын ихэнх улс төрчид шүүмжилж байгаа. Бас Пентагоны тэргүүн, генерал Жэймс Мэттис уг шийдвэртэй санал нийлээгүйн улмаас огцрох өргөдлөө өгсөн.

Харин Трампын шийдвэрт хамгийн их талархаж байгаа нь Турк улс болоод байна. Тэд АНУ-ын цэрэг гарахтай зэрэгцэн Сирийн умард хэсэгт байрлаж байгаа Курдын зэвсэгт бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа юм. Сирийн Курдууд Исламын улс бүлэглэлтэй хийх дайнд АНУ-ын гол холбоотон болж байсан бол Турк улс тэднийг өөрийнх нь газар нутгаас салан тусгаарлах хүсэлтэй Туркийн Курдуудын холбоотон буюу террористууд гэж үздэг.

Трампын Иракт хийсэн айлчлал гэнэтийн явдал байсан ч түүний Air Force One нисэх онгоцны хөдөлгөөнийг интернэт хэрэглэгчид өмнө нь мэдээлж байсан юм.

Ерөнхийлөгчийн агаарын хөлөг АНУ-аас гарч, Европын улс орнуудын дээгүүр аялж явааг хүмүүс ажиглаж, янз бүрийн таамаг дэвшүүлцгээж байв.

Энэ цаг үед Дональд Трампын твиттер хуудас идэвхгүй байсан нь АНУ-ын ерөнхийлөгчийг ямар нэг нууц айлчлал хийж яваа гэх сэжгийг бий болгож байжээ.

 

Эх сурвалж: Russia Today