Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮ-г гэмт хэрэг гэсэн дэд сайдаа огцруулав

Т.Батсайхан, Зууны мэдээ
2018 оны 12 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын  өчигдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үндэслэл нь тодорхойгүй ч салбарын сайд нь дэд сайдаа чөлөөлүүлэхээр Засгийн газартаа танилцуулсан байна.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дэд сайдаа танхимын зарчмаар ажиллаж чадаагүй гэж үзжээ.

Б.Энхбаяр саяхан болсон МАН-ын бага хурлын үеэр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь гэмт хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Энэ нь дэд сайдын ажлаа өгөх нэг том шалтгаан болсон бололтой.

Тэрбээр тухайн үед “Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан талаар яригдаж байна. Үүнийг шалгах уу” гэсэн асуултад “Баримттай мэдээллийг, хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байна лээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг прокурор, мөрдөн байцаах байгууллага шалгана” гэж хариулсан байдаг.

Үүний өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг авсан баримтыг олон нийтэд дэлгээд байсан. Тэгвэл дэд сайд Б.Энхбаяр ийнхүү Засгийн газрын тэргүүнийхээ ЖДҮХС-гийн зээлийг шалгах үндэслэл бий гэж хэлснийхээ төлөө ажлаа өгч таарлаа.

Тэрбээр үргэлжлүүлэн “Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө урвуулж ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл нь өөрөө авлигын эсрэг гэмт хэрэг шүү дээ. Албан тушаалын гэмт хэрэг. Улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найм хүртэл жилийн хорих ялтай. Хуулийн өмнө адилхан л байх ёстой. Өөрөө шалгуулах болохоор шударга бусын хонгил яриад байх хэрэггүй. Хуулийн хонгил дээр өөрсдөө очих хэрэгтэй. Шалгуулах хэрэгтэй, шударга л байх хэрэгтэй” гэж байлаа.

Ийнхүү олон нийтийн өмнө ХЗДХ-ийн дэд сайд нь ЖДҮ-г гэмт хэрэг гэдгийг зарласан учраас зээл авсан эрх бүхий албан тушаалтнуудад таалагдаагүй гэдэг нь тодорхой. Түүнийг танхимаасаа хөөх нь цаг хугацааны л асуудал байсан биз. Б.Энхбаярыг 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Зураг