Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж, хэрэглэгчдэд дурын үнээр үйлчилж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-аас аравдугаар сарын 8-наас арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдийн хооронд такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтад Нийслэлийн тээврийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК, “Элит ноён такси” ХХК болон холбогдох бусад байгууллагууд хамрагдсан байна.

Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. 

  1. Такси үйлчилгээ үзүүлж буй 11 аж ахуй эрхлэгч нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуй эрхлэгчид нь Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний дагуу эхний 1 км-1,000 төгрөг, 2 дахь км-ээс 800 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчилж байна. Гэвч хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй автомашинууд хэрэглэгчдэд дурын үнээр үйлчилж байгаа нь хэрэглэгчдэд буруу ойлголт өгч байна.
  2. Такси дуудлагын тусгай дугаар эзэмшигч “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК-ийн 1900-1991, “Элит ноён такси” ХХК-ийн Ноён зууч 1900-1950 нь Харилцаа холбооны зохицуулах хороотой 2017 онд байгуулсан гэрээнүүдийн хавсралтын 8 дугаарт заасан “Хэрэглэгчийг бусад үйлчилгээ болон гуравдагч этгээдийн үйлчилгээнд дамжуулан холбож үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж бусад аж ахуй эрхлэгчдийн жолоочтой гэрээ байгуулан такси дуудлагын үйлчилгээг явуулж байна. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, ...шаардлагыг хангасан....ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчиж байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо, такси дуудлагын тусгай дугаар эзэмшигч аж ахуй эрхлэгчдэд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хэрэглэгчдэд эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл шаардлагыг хангасан ажил, үйлчилгээгээр хангаж ажиллахыг үүрэг болгожээ.