Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Британи дахь монголчуудын хамтын бүтээл 55 фото цувралаас...

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлддэг хэмээх үг бий.

Энэ жил Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/ болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа ба тус улстай манай улс соёл, боловсролын салбарт өргөн хүрээнд хамтран ажилладаг билээ.

Тэгвэл энэхүү тэмдэглэлт ойд зориулан гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тухай уламжлалт, зарим талаар сөрөг төсөөллийг "Жи-СтудиМН"-ийн хамт олны санаачлан хэрэгжүүлж буй “Британи дахь монголчууд" төсөл эвдэж байна.

Тус улсад ажиллаж, амьдарч байгаа манай монгол иргэд улс төр, бизнес, эдийн засаг, боловсрол, урлаг, спорт гээд бүхий л салбар дахь шалгуур өндөртэй, өрсөлдөөнтэй, хүндтэй албуудыг нэр төртэй хашиж, Британийн нийгэмд нөлөө бүхий яваа бахархам үйл явдлыг түүх болгон гэрчлэх энэхүү томоохон төслийг Лондон хотноо байгуулагдсан "Жи-СтудиМН" фото студи эхлүүлжээ.

"Британи дахь Монголчууд" төслийн санаачлагч, “Бритишэдү” боловсролын байгууллага болон Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN фото студийн үүсгэн байгуулагч, зурагчин, Цахим Өртөө Холбооны гишүүн У.Ганзоригтой төслийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

 

Төслийг санаачлагч У.Ганзориг "Жи-СтудиМН-ий зүгээс санаачлан Британид ажиллаж амьдарч буй Монголчуудыг олонд таниулах зорилготой "Британи дахь Монголчууд" фото цуврал төслийг энэ онд хэрэгжүүлэн одоогоор дуусах шатандаа ороод байна. 

Уг фото цуврал нь удахгүй ном болон хэвлэгдэх бөгөөд бүтээлийг энэ онд тохион байгаа Монгол Улс болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилд зориулан гаргахаар манай студийн зүгээс сайн дураараа санаачлан ажиллаж байгаа" гэсэн юм.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос хойш манай иргэд гадаад улс орнууд руу хүссэнээрээ зорчих боломж бүрдсэн байдаг. Улмаар хүмүүс ажиллаж, амьдрахаар гадагш тэмүүлэх болсны нэг нь Их Британи. 

Тус улс дахь монголчуудаас хамгийн олон жил болсон нь 25-26 жил буюу гурван үеэрээ амьдарсан байдаг тухай төсөл санаачлагчид онцолж байлаа.

Тэр тусмаа Их Британи улсад эзэмшсэн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараараа монголчууд маань янз бүрийн салбарт манлайлж, үнэлэгдэж явааг онцолж байв. 

 
Б.Марал Британийн засгийн газрын “Satellite Applications Catapult” инновацийн төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтэн

Монголчуудын Их Британи улсад хөдөлмөр эрхэлж буй зарим салбарыг дурдвал:

  • Их Британийн Засгийн газрын Инновацийн төвд Сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтэн,
  • Их сургуулиудад - судлаач, хөтөлбөрийн захирал, ахлах багш,
  • Дэлхийд алдартай одуудын хувцсыг захиалгаар оёдог компанид дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг дээд зэрэглэлийн хувцасны технологич, бүтээлч оёдолчин,
  • Гиннесийн номонд уран нугаралтын төрөлд хамгийн анх бичигдсэн монгол хүн,
  • Английн мэргэжлийн боксын нээлттэй тоглолтын аварга,
  • Британид зохиогддог чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцож, найман удаа түрүүлсэн тамирчин,
  • НҮБ-ын чуулга уулзалтуудад үг хэлж, НҮБ-ын радиод "Монгол" гэсэн дуу хоолойг дэлхий дахинаа хүргэсэн зохиолч,
  • Британийн эрүүл мэндийн байгууллагад зөвлөх эмч гэхчлэн монголчуудын хашиж буй ажлуудыг дурдвал урт жагсаалт гарах бөгөөд бахархахгүй байх аргагүй ажээ. 
 
Д.Энхцэцэг “Stella McCartney” компанид Дээд зэрэглэлийн хувцасны технологич, бүтээлч оёдолчин

Мөн тус улсад өндөр татвар төлөөд хувийн бизнесээ амжилттай хийж яваа, монгол хэл соёлоо үр хүүхэд, хойч үедээ заан сургаж яваа багш, чөлөөт уран бүтээлчид ч олон байдгийг дурдсан. Тэднээс 55-ыг нь онцолж, хөрөг зургийг нь түүх болгон танилцуулах юм.

Гадаадад амьдарч байгаа монголчууд тухайн улсын нийгэмд бодит хувь нэмэр оруулж буйг энэ жагсаалт харуулах аж. Түүнчлэн монголчууд өндөр хөгжилтэй орнуудад амжилттай яваа нь зөвхөн чадварыг нь харуулаад зогсохгүй дараа дараагийн үедээ олон үүд хаалгыг нээж өгч байгааг онцлууштай.  

Тэд зөвхөн тухайн орчиндоо амжилт гаргахын зэрэгцээ Монголдоо хэрэгтэй, хэрэгжүүлж болох санаа, төсөл юу байж болох вэ гэдгийг үргэлж эрэлхийлж явдаг болохыг У.Ганзориг хэлсэн юм.

Тийм ч учраас элэг нэгтнүүдээ дэмжиж, олонд таниулах нь "Британи дахь монголчууд" төслийн бас нэгэн зорилго ажээ.

Төслийн хоёрдугаар шат буюу номоо тэд монгол, англи хэл дээр хэвлүүлэх бөгөөд түүхэн баримт болгох үүднээс Их Британийн зарим их, дээд сургууль болон нийтийн номын санд хэд хэдэн хувийг хадгалуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мэдээж Монгол Улсынхаа Төв номын сан, Гадаад харилцааны яамны архив, их сургуулиудын номын санд ч хадгалуулах юм байна.

"Зураг бол түүхийн гэрч" гэж үг байдаг. "Заримдаа бид дээр үеийн зургуудыг харахад их гоё санагддаг шиг энэ бүтээлийг бидний үр хүүхдүүд хэдэн арван жилийн дараа харж, тухайн цаг үед хэсэг Монголчуудын төлөөлөл болох бидний аав ээж, эгч, эмээ өвөө Их Британи улсад ийм ажил төрөл эрхэлж, амьдарч байжээ гээд харж бахархаасай хэмээн хүсэж байна" хэмээн У.Ганзориг ярьсан юм.

Энэ ч утгаараа тус бүтээл нь түүхийн нэгэн баримт, судалгааны ч бүтээл болон үлдэнэ хэмээн найдаж байгаагаа нуусангүй.

 
С.Шинэбаяр Manchester хот дахь `Shinny`s Gym`-ийн үүсгэн байгуулагч
Гадны улсад ажиллаж, амьдарч байгаа ч монгол хүн бүр эх орноо гэсэн сэтгэл, зүрхтэй явдаг

Төслийг санаачлагч У.Ганзориг "Олон жил гадны улсад амьдарч буй монголчууд хүний дайтай амьдарч, үр хүүхдээ тэжээж, байр сууриа олох гэж их зүйлийг туулдаг.

Гэвч сүүлийн үед бидэнд хэт туйлширсан гэх юм уу, ганц нэг зүйлийг нийтээр нь хамруулж ойлгох хандлага бий болоод байгаа санагддаг.

Тухайлбал, манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад дахь Монголчуудын хөдөлмөр эрхлэлт, хийж байгаа ажлын талаар нийтэд нь хамруулж буруу ойлгох хандлага ажиглагддаг.

Мэдээж хүний нутагт арга эвээ олох гэж янз бүрийн арга сэдэж олдсон ажлыг нь сайн муу гэж гололгүй хийж яваа Монголчууд бий, гэхдээ бүгд тийм биш юм.

"Британи дахь Монголчууд" төслийн санаа үүнээс үүдэлтэй гэж хэлж болно. Их Британид өөрийн чадвар, хөдөлмөрөөрөө үнэлэгдэж яваа монголчуудаа бид олонд таниулах үүднээс төслөө анх санаачилсан.

Хүн хаана ажиллаж, амьдрах нь тухайн хүний сонголт.

Хэдийгээр гадаадад ажиллаж амьдарч байгаа ч гэсэн монгол хүн бүр эх орноо гэсэн сэтгэл, зүрхтэй явдаг гэдэгт би огт эргэлздэггүй.

Төслийн анхны санаагаар хүн тус бүрээр богино хэмжээний цуврал нэвтрүүлэг хийе хэмээн бодож байсан.

Гэвч нэвтрүүлэг нь зураг авахаас илүү монтаж, эвлүүлэг гээд цаг хугацаа, ажиллагаа илүү шаарддаг тул нэг жилийн хугацаанд нэвтрүүлэг хийснээс фото зургаар илүү олон хүмүүсийг танилцуулах боломжтой юм байна гэж үзсэн.

Төслийн нэгдүгээр үе шат болох 55 цуврал фото зураг авалтыг 2018 оны хоёрдугаар сараас эхлүүлж, арванхоёрдугаар сард дуусгаад байна. Одоо бид төслийн хоёрдугаар үе шат болох "Британи дахь Монголчууд" фото номын эх бэлтгэх ажилд орчихоод байна" хэмээн танилцууллаа.

Эхний шатанд нийт 55 хүний хөргийг буулгасныг дээр өгүүлсэн. Тэгвэл эдгээр хүмүүсийг хэрхэн олж, сонгосон талаар мөн тодруулсан юм.

У.Ганзориг "Төслийг багийн гишүүд хоорондоо ярилцсаны үр дүнд төсөлд оролцвол зохимжтой гэж үзсэн 100 орчим хүний нэрсийн жагсаалтыг эхний байдлаар гаргасан.

Миний хувьд мэдээж Их Британид ажиллаж, амьдарч байгаа бүх монгол хүнийг танихгүй. Тиймээс төсөлд оролцох хүмүүсийн жагсаалтыг хоёр зөвлөх болох Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат болон Зураач Т.Отгонбаяр нартай ярилцаж, хамтран гаргасан.

Ингэхдээ бид аль болох салбар бүрийн төлөөллийг хамруулахыг хичээсэн.

Тэр дундаа тухайн салбартаа манлайлж яваа монголчууд болон Британид үйл ажиллагаа явуулж буй монголчуудын үүсгэн байгуулсан олон нийтийн байгууллагуудын төлөөллийг түлхүү оролцуулахыг хичээсэн. 

Зураг авалтыг зөвхөн Лондон хотод хийгээгүй. Монголчууд олноороо амьдардаг бусад хот болох Манчестер, Ноттингхам, Оксфорд, Кэмбридж, Пэтэрбороу, Пристонд гүйцэтгэсэн. Мөн Шотланд улсад амьдарч буй монголчуудын төлөөллөөс урьж оролцуулсан байгаа" гэсэн юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлж, бодит бүтээл болгохын төлөө маш олон байгууллага, хувь хүн дэмжиж, тусалжээ.

Тиймээс "Британи дахь монголчууд" фото төсөл бол Британид ажиллаж амьдарч буй монголчуудын хамтын бүтээл юм" хэмээн онцолж байлаа.

 

Тухайлбал, Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Элчин сайд Н.Тулга, Британи-Монголын худалдааны танхимын дарга, Английн парламентын гишүүн Жон Гроган дэмжин ажиллажээ.

 

Tөслийн зөвлөхөөр Британийн фото зурагчин, "First women UK" төслийг санаачлагч, "100 First Women Portraits" номын зохиогч Анита Корбин, Чөлөөт уран бүтээлч, зураач, "Art London International Awards" олон улсын үзэсгэлэнгийн шүүгч Т.Отгонбаяр, Британи дахь Монголчуудын Холбооны тэргүүн Д.Цэрэнбат нар ажилласныг онцлох нь зүйтэй.

Мөн Цахим Өртөө Холбоо, Британи дахь Монголчуудын холбоо, Манчестер, Ноттингхам, Кэмбридж хотод ажиллаж амьдарч буй монголчууд зэрэг байгууллага болон тус төсөлд оролцсон монголчууд өөрсдийн боломжоор дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар тэрбээр дурдлаа.

"Британи дахь Монголчууд” номын монгол хэлний редактороор Их Британи дахь Монгол хэлний сургалтын төв ТББ-ын тэргүүн, Манчестер дахь Монгол сургуулийн багш Доктор С.Мөнхтуяа, МУИС-ийн докторант, Лондон дахь МУ-ын ЭСЯ-ны зөвлөх асан Л.Отгонбаяр, Англи хэлний редактороор судлаач, консалтант Матев Хэндэрсон, орчуулагчаар Лондон Соут Банк Их Сургуулийн ахлах багш, "Бритишэдү" боловсролын байгууллагын боловсролын зөвлөх, Доктор М.Саранзаяа, номын загвар дизайныг график, загвар зохион бүтээгч Д.Уянга нар гар бие оролцон ажиллаж байгаа юм.

 

Мөн төслийг хэрэгжүүлэгчид дэмжиж ажиллаж буй эдгээр байгууллага болон хувь хүмүүст энэхүү сурвалжилгаар дамжуулан талархал илэрхийллээ.

Энэхүү төслийн хоёр дахь шатны хүрээнд ирэх 2019 онд Монгол Улстай ямар нэгэн байдлаар холбоотой хамтран ажилладаг британичуудыг олонд таниулах фото цувралыг мөн гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм байна. Харин төслийн хоёр дахь шатаар эдгээр хөрөг зургаар бүтсэн "Британи дахь Монголчууд" номыг гаргахаар төлөвлөж байгаа ба номын нээлтийг ирэх оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөөд байна.