Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Бөхийн өргөөг нээж, барилдаануудыг хамтран зохион байгуулахаар санал нэгдлээ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголын үндэсний бөхийн холбоо, Бөхийн өргөөг тойрсон маргаан нэг талдаа гарч шийдвэрлэгдэж байгаа талаар Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1816422475152873/

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Үүсээд байгаа нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа. Одоогоор Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. 

Х.Баянмөнх аварга бид хоёр тал талаасаа ахмад настай нь, бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачилга гаргая гэж ярилцсан. Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна.

Бидний зорилго бол шүүхээр явж байгаа маргаанаас тусдаа. Бид зөвхөн Бөхийн өргөөний үйл ажиллагаа болон бөхийн барилдаануудыг зохион байгуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн.

Бид хоёрт ямар нэгэн байдлаар санал бодол зөрөөд байх юм байхгүй. Би бол номхон даруу байхыг эрмэлздэг. Би хэзээ ч дээд үеийн ах, нар бөхчүүдийнхээ өмнөөс сөрж үг хэлж байгаагүй. Ер нь бол монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, харуулж явах нь гаргасан амжилтаас илүү гэдгийг үнэ цэнэтэй гэдэг дээр бид хоёр санал нэгтэй байдаг. 

Шүүхийн шийдвэр хаанаа яаж гарахаас үл хамаараад Бөхийн холбооны эв нэгдлийг хангах ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа.

Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ

Гэрэл зургийг mpa.mn

Дархан аварга Х.Баянмөнх: Б.Бат-Эрдэнэ аваргадаа баярлалаа. Яг зөв юм ярилаа. Бид хоёр бөхийн холбооны маргаанаас гадуур бурхнаас заяасан үүргийн дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. 

Монгол бөх бол аваргуудынхаа жудаг ёс зүйг дагаад удирдагдаад яваад ирсэн түүхтэй. Бөхчүүд зодог шуудгаа цүнхэлчихсэн, барилдах газаргүй, үзэгчид үзэх барилдаангүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр шүүхээр явж байгаа асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа ч бөхийн үйл хэрэг, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээх дээр нэгдсэн байр суурьтай байна. Бид цэвэр Монгол бөхийн төлөө явна. 

Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. 

Аль ч холбооны талд шүүхийн шийдвэр гарсан бай тэр холбооныхон бид хоёртой зохицох ёстой. Дахин Бөхийн өргөөний хаалгыг түгжиж маргаан дэгдээхгүй. Бөхийн өргөөнд хоёр ижил өрөө тохижуулаад хоёр холбооны удирдлагуудыг хамтад нь ажиллуулна. 

Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ.

Бурхнаас бид хоёрт энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Бөхийн амьдралыг туулсан, үзсэн бид хоёр Монгол бөхийн хөгжлийн төлөө ажиллана.

Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсэж байна

Гэрэл зургийг mpa.mn

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсэж байна. 

Бас Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсэж байна.

Бидний хооронд муудалцаж байсан үе байхгүй

Дархан аварга Х.Баянмөнх: Бидний хооронд муудалцаж байсан үе байхгүй. Үзэл бодлын зөрүү байсан. Хоёр холбооны будлиан дунд нэг нэгэндээ хатуу үг ганц нэг хэлж байснаас өөрөөр муудалцсан зүйл байхгүй. Холбооны маргааныг шүүх эцэслэнэ. Бид хоёр өргөөгөө нээж, бөхийн барилдаанаа явуулах, бөхчүүдийн сахилга дэг журмыг сахиулахын төлөө л ажиллана.

 Би Баянмөнх аваргын урдаас эсэргүүцсэн үг хэлж байгаагүй

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Бид хоёр хэрэлдээд, ноцолдоод байдаг юм байхгүй. Бөхчүүдийн хувьд ахмад үе, дээд цолтондоо хүндэтгэлгүй хандаж болохгүй. Харин энэ  будлиан дунд би хүндэтгэлгүй хандсан зүйл байх вий гэж үзээд өнөөдөр уучлал хүсэж байгаа юм. Би энэ хүний урдаас эсэргүүцсэн үг хэлж байгаагүй. Энэ хүний үгэнд гомдож, юм санаж байсан удаа ч үгүй. Надаас 20 насаар ах, багш минь шүү дээ.

Бөхийн өргөөг нээж, барилдаануудыг тогтмол зохион байгуулна. Ордон, өргөө байхгүй болохоор үнэхээр хүнд байдаг юм байна. Бүх шатны барилдаануудаа энд тэнд түрээс төлж зохион байгуулж байна. 

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 29-ний барилдааныг Нисэхэд байрлах Спортын ордонд зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газартай тохиролцчихсон. Ер нь олон үзэгчтэй томоохон барилдаануудыг тэнд зохион байгуулах тохиолдол байж болно.