Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дуламсүрэн: Сүлд модны гэрлийг удаан хугацаагаар асааж үлдээхгүй байхыг анхааруулж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамитыг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байхыг зөвлөлөө

Тэрбээр "Шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг  зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Тиймээс,

  • Иргэдийн гар дээрээс салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,
  • Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, удаан хугацаагаар асаалттай орхихгүй байх,
  • Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,
  • Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамитыг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг зөвлөж байна

Мөн ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

  • Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  • Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,
  • Баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд галын дохиоллын болон гал унтраах автомат системүүдэд ээлжит бус үзлэг хийж, хэвийн найдвартай ажиллагааг ханган, авралтын зам гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна" гэлээ.

20 мянган малчин гар утсаараа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг хүлээн авдаг

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн байгаа аж. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхаарууллаа.

ОБЕГ, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулжээ.

Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа аж.