Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарсайхан: 2018 онд дуудлагаар бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд буурсан

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр 2018 оны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулахын зэрэгцээ шилдэг ажилтнуудад шагнал гардуулсан юм.

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан "Энэ оны наймдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ЦЕГ-ын даргын тушаал гарч, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний нисэхийн хэлтсүүдийг удирдлага зохион байгуулалтын хувьд харьяалал болгох шийдвэр гарсанаар Тээврийн цагдаагийн алба шинээр зохион байгуулагдсан. Энэхүү алба нь Монгол Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг бүх төрлийн гэмт хэргийг шалгах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэхүү дүрэм шинэчлэгдээгүй 14 жил болсон байсан. Олон улсын стандарт, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг өөрчилж зохион байгуулсан. Шинэ дүрмээр иргэдийн амь нас, аюулгүй байдлыг баталгаажуулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах талаар тодорхой ахиц гарсан. Шинэ дүрмийг мөрдөж ажиллах, сурталчлан таниулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас үе шаттай ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Сүүлийн жилүүдэд осол хэрэг төдийлөн буурахгүй байгаа. Гэхдээ энэ оны хувьд дуудлагаар бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд буурсан. Хүний амь нас хохирсон, гэмтсэн хэргүүд мөн тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна. 

Цаашид бид осол хэргийн дуудлагыг түргэн, шуурхай шийдвэрлэх зорилгоор ирэх онд БНХАУ-ын туршлагаас үндэслэн осол хэргийн газарт Цагдаа болон даатгалаас очихгүй шууд цахим хэлбэрээр зургаар хүлээн авч шийдвэрлэдэг нөхцөлийг бий болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хүний амь эрсдэж, гэмтээгүй жижиг ослуудад хамаатай. Осол гарсан газарт цагдаагийн байгууллагын хүн очтол хугацаа шаардагддаг. Үүнээс болж түгжрээ үүсдэг учраас энэхүү шийдэл маш олон асуудалд нөлөөтэй" гэв.

2018 онд 5.8 тэрбум төгрөгийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулах, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, иргэд оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах асуудал, замын хөдөлгөөний зохицуулалт, Зам тээврийн аюулгүй байдлыг хангах, Зорчигч тээврийн аюулгүй байдлыг хангах зэрэг Тээврийн цагдаагийн албаны хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг үр дүнтэй болгох тал дээр жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай машин техник, хэрэгсэл, өдөр тутмын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зүйлүүдийг хангахаас гадна хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр олон ажлууд энэ жил хийгдэж байна. 

2018 онд 5.8 тэрбум төгрөгийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцууллаа. Мөн энэ жил хийгдсэн том бүтээн байгуулалтын нэг бол Яармагийн олон уулзварт гүүр. Энэ гүүр ашиглалтад орсноор зам тээврийн осол эрс буурсан, хөдөлгөөний эрчим сайжирсан. 

Гэхдээ энэ хүрээнд асуудал хязгаарлагдахгүй. Бидний өмнө маш олон сорилтууд байна. Тухайлбал, 2019 онд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, шинэ дүрэм журмыг иргэдэд сурталчлан таниулах, Цагдаагийн байгууллагын албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, шинэ гүүр, замуудыг ашиглалтад оруулах зэрэг олон хийж гүйцэтгэх ажлууд байна. Ингэснээр ачаалал буурч, аюулгүй байдал хангагдана" гэлээ.