Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслүүдэд “Эрдэнэс Монгол” ХХК голлох үүрэгтэй оролцохоо илэрхийлэв

ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц,  аж үйлдвэр, хилийн боомт, хөдөө аж ахуй зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд гурван талт ажлын хэсгийн шинжээчдийн түвшний дөрөвдүгээр уулзалт энэ сард боллоо.

Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү оролцож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэрэгжүүлж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар ажлын хэсэгт танилцуулав.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын зах зээлд IPO гаргаж, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудын нэмэлт хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах замаар хөрөнгө босгож, санхүүгийн хүндрэлтэй байдлаас гаргах хувилбарыг боловсруулж буйг илтгэлдээ онцоллоо.

Мөн нүүрсний давхаргын метан хий, металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэр, нүүрсийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлэхээр эдийн засгийн тооцоо судалгаа хийж байгааг танилцуулсан. Цаашид төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй бөгөөд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд компанийн зүгээс голлох үүрэгтэй оролцоно гэдгийг онцоллоо.

 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК