Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын байлдааны хөлөг Японы онгоц руу овоо хараагаа чиглүүлсэн нь хоёр орны харилцааг хурцатгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Өмнөд Солонгос, Японы хилийн бүсэд гарсан хэрэг хоёр орны муудаад байгаа харилцааг улам хурцатгаж байна.

Тухайн өдөр Өмнөд Солонгосын тэнгисийн байлдааны хөлөг бай онилох радараа Японы хилийн харуулын нисэх онгоц руу чиглүүлсэн тухай мэдээлэл тарсан юм. Ингэснээр радар нь бай болох объектын байрлал, зай зэрэг бүх мэдээллийг тооцоолж, гал нээхэд бэлэн болдог.

Өчигдөр уг асуудлаар хоёр улсын гадаад хэргийн яамны төлөөлөгчид Сөүлд уулзаж ярилцжээ. Уулзлалтын үеэр Японы тал дээрх хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг Өмнөд Солонгосын талд уриалсан байна.

Харин Өмнөд Солонгосын тал радар ашигласан гэх мэдээллийг няцааж, баримт нотолгоогүй гомдол гаргасанд Японыг буруутгажээ.

Зэвсэг онилж, гал нээхэд бэлэн горимд шилжсэнийг “онц аюултай үйлдэл” гэж Японы тал тодорхойлж байна.

Өмнөд Солонгос, Япон улсуудын хооронд сүүлийн саруудад хэд хэдэн дипломат маргаан үүсээд байгаа. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын шүүх дайны үеэр боолчлогдож байсан иргэддээ Японы компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан юм. Харин Японы засгийн газар 1965 онд хоёр орны хооронд байгуулагдсан гэрээгээр дайны үеийн асуудлууд бүрэн шийдэгдсэн гэж үзэж байгаа.

Аравдугаар сард Өмнөд Солонгосын дээд шүүх Nippon Steel & Sumitomo Metal Corp компанийг дайны үеэр боолчлогдож байсан дөрвөн иргэнд тус бүр $355,000-ын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.

Улмаар арваннэгдүгээр сард Mitsubishi Heavy Industries Ltd компаниар мөн дайны үед боолчлогдож байсан солонгос хүмүүст нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан нь Токиогийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв.

 

Эх сурвалж: Kyodo News