Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны ерөнхий сайд асан авлигын хэргээр долоон жил шоронд хоригдох ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Пакистаны авлигын хэргийн шүүх тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифт долоон жилийн хорих ял оноожээ.

Шүүх түүнийг албан ёсны орлогоосоо хэтэрсэн хөрөнгө эзэмшиж байсанд буруутгасан байна. Өчигдөр болсон шүүх хурлаар Шарифт хоёр авлигын хэрэг тулгасны нэгийг нь хүчингүй болгожээ.

Өнгөрсөн долдугаар сард тэр Лондонд тансаг орон сууц худалдаж авсан үйлдлийнхээ төлөө 10 жилийн хорих ял сонссон ч давж заалдаад тэнсэн харгалзах ялаар солиулж байв.

Энэ удаа ч тэр давж заалдах эрхтэй юм. Ямартай ч тэр өчигдөр өмнө нь хоригдож байсан шорон руугаа дахин хүргэгдсэн байна.

Наваз Шарифыг дэмжигчид шүүх байрны гадна олноор цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн тул 1,000 орчим цагдаа ажиллаж, аюулгүй байдлыг хангажээ. Цугларсан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

2016 онд дэлхий нийтэд ил болсон “Panama Papers” офшор бичиг баримтад ерөнхий сайд асан Наваз Шарифын нууц хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гарч ирснээр түүнийг албан тушаалаас нь огцруулсан юм. Тэр цагаас хойш авлигын хэргийг нь шалгаж, хэд хэдэн шүүх хурал болоод байна.

Саудын Арабт байдаг Аль-Азиза гангийн үйлдвэрийг Шариф ямар орлогын эх үүсвэрээр өөрийн болгосноо тайлбарлаж чадаагүй тул өчигдрийн шүүх хурлаар ял оноосон юм.

Наваз Шариф анх 1993 онд ерөнхий сайд байхдаа авлигын хэргээр огцорч, 1997 оны сонгуульд ялснаар дахин төрийн эрхийг авсан ч 1999 онд цэргийн эргэлтээр огцорч байжээ. Гадаадад дүрвэсэн Шариф 2007 онд Пакистанд эргэн ирж, 2013 онд гурав дахь удаагаа ерөнхий сайд болсон ч дахин авлигын хэргээр огцроод байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сард болсон сонгуулиар Шарифын нам ялагдаж, авлигатай тэмцэх уриатай Тэхрик И Инсаф нам төрийн эрхэнд гарснаар албан тушаалтнуудын гэмт хэргийг шалгах ажил эрчимжээд байна.

 

Эх сурвалж: AFP