Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны экс боссын хоригдох хугацааг сунгасан тул шинэ жилийг торны цаана өнгөрөөхөөр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Автомашин үйлдвэрлэгч Ниссаны ерөнхийлөгч асан Карлос Гоныг хорих хугацааг Японы шүүх өчигдөр нэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн долоо хоногт прокурорууд түүний хорих хугацааг сунгах хүсэлт гаргасан ч шүүх татгалзсан тул зул сарын баяр, шинэ жилийг гэртээ өнгөрөөх боломжтой болоод байв. Гэвч Баасан гарагт прокурорууд түүнийг буруутгах дахин нэг үндэслэл гаргаж ирснээр энэ боломж замхарсан байна.

Энэ удаа Карлос Гон $16 саятай тэнцэх хэмжээний хувийн хөрөнгө оруулалтын алдагдлаа Ниссан руу шилжүүлсэн нь баримтаар батлагдсан тул хорих хугацааг сунгажээ.

Арваннэгдүгээр сарын 19-нд түүнийг анх баривчлахдаа 2010-аас 2015 оны хооронд $44 саятай тэнцэх цалин орлогоо татвараас зугтаалгасан гэж буруутгаж байв. Мөрдлөгийн явцад өөр бусад санхүүгийн зөрчлүүд илэрсэн юм.

64 настай Гон одоо Токиогийн нэг хорих төвийн жижиг өрөөнд байрлаж байна. Хүйтэн өрөөнд, будаа голдуу хоолтой хоригдож байгаадаа Ниссаны экс босс гомдолтой байгаа гэнэ.

Японы Ниссан, Мицубиши Моторс компаниуд Карлос Гоныг ТУЗ-ийн даргын суудлаасаа огцруулаад байгаа бол Францын Renault компани шүүхийн шийдвэрийг гартал түүний албан тушаалыг хадгалахаар шийдсэн байна.

Нэгэн үе Ниссан компанийг дампуурлаас аварсан баатар гэгдэж байсан Карлос Гоныг өнгөрсөн сард баривчилсан нь Японы төдийгүй дэлхийн бизнесийн ертөнцөд дуулиантай үйл явдал болсон юм.

 

Эх сурвалж: AFP