Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Ultima Thule” шинэ оны анхны өдөр хүн төрөлхтний хүрсэн хамгийн алсын сансрын биет болно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
"Ultimate Thule" биетийн төсөөлөл зураг

Ирэх долоо хоногт NASA-гийн судалгааны станц хүн төрөлхтний сансрын аялалын түүхэнд шинэ хуудас нээх гэж байна. Тодруулбал шинэ оны эхний өдөр хүн төрөлхтний зохион бүтээсэн техник түүхэндээ хамгийн алсад орших сансрын биетэд хүрэх юм.

Энэ биет нь Дэлхийн вангийн цаад талд оршдог, нууцлаг биет “Ultima Thule” байна. Албан ёсны нэрийг нь 2014 MU69 гэдэг.

 Дэлхийгээс 6.4 тэрбум километрийн зайтай орших биетийн гадаргаас 3,500 км зайнд New Horizons станц ойртон өнгөрөхдөө бидний хэзээ ч харж байгаагүй зургуудыг буулгах юм.

New Horizons 2015 онд Дэлхийн вангийн дэргэдүүр өнгөрөхдөө үүнээс гурав дахин хол байсан. “Ultima Thule” нь дундад зууны уран зохиолд гардаг алс умардын шидэт арлын нэр юм.

 

Одоохондоо эрдэмтэд энэ биетийн хэмжээ, хэлбэрийг сайн мэдэхгүй байгаа. Бөмбөрцөг биш, сунасан хэлбэртэй, эсвэл бүр хоёр хэсгээс бүрддэг ч байж магадгүй гэх “Ultima Thule” нь 2,400 орчим километр диаметртэй буюу Дэлхийн вангаас 100 дахин жижиг гэж тооцоолж байгаа. Сансар огторгуйн хамгийн хүйтэн хэсэгт (Kuiper Belt гэдэг) тойрог зам нь байрладаг тул нарны аймгийн үүслийн үеийн баримтуудыг маш сайн хадгалж үлдсэн гэж эрдэмтэд таамаглаж байна.

Астрономичид заримдаа “Ultima Thule”-г нарны аймгийн “дээврийн хөндий” гэж нэрлэх нь бий.

Цөмийн хөдөлгүүртэй New Horizons станц одоо цагт 51,500 км хурдтайгаар нарны аймгийн зах хязгаар руу аялж яваа. Гэхдээ станцын “Ultima Thule”-гийн дэргэдүүр нисэж өнгөрөх аялалыг маш нарийн тооцоотой жолоодох ёстой. Тиймээс амжилттай болох магадлал өндөр биш.

New Horizons станцаас ирэх эхний энгийн зурагнуудыг хоёр цагийн дотор хүлээж авах тул нэгдүгээр сарын 2-ны өдөр нийтэд хүргэх боломжтой. Харин илүү өндөр нарийвчлалтай  зургуудыг хэдэн сарын дараа дэлхийд хүлээж авна. Уг станцыг 2006 онд Дэлхийн ванг чиглүүлэн хөөргөж байхад “Ultima Thule”-г нээгээгүй байсан. Сүүлд 2014 онд уг биетийн зургийг анх удаа Hubble Space Telescope дурангаар авсан бөгөөд үүнээс жилийн дараа Дэлхийн ванд New Horizons хүрч байжээ.

“Ultima Thule”-гийн зургийг авах нь астрономчдын хувьд эртний Египетийн фараоны бунхныг нээхтэй адил чухал үйл явдал гэж тодорхойлж байна.

 

Эх сурвалж: AFP