Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ази, Номхон далайн ес дэх удаагийн триеннальд монгол уран бүтээлч Т.Энхболд уригдан оролцож байна

ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
 

The Guardian сэтгүүлд бичсэнээр Күйнслэндийн орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутам зохион байгуулдаг Ази, Номхон далайн триенналь нь бүс нутгийг хамарсан, дэлхийд ач холбогдлоороо тэргүүлэх контемпорари урлагийн арга хэмжээ аж. 

 

Энэ нь тодорхой сэдэвт баригдсан бусад биенналь, триенальтай харьцуулахад дэлхий ертөнцийг өргөн цар хүрээтэй харуулж чаддагаараа ялгардаг гэнэ. Түүнчлэн газар зүй, түүх, соёл, уламжлал, бүс нутгийн тухайлсан түвэгтэй асуудлуудыг байнга хөндсөөр иржээ.

Харин энэ удаагийн арга хэмжээгээр устан үгүй болж буй уламжлал, соёлоос эхлэн өнөөгийн улс төрийн тэмцэл, дайн дажин, орчин үеийн амьдралын хэмнэл, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндсөн 80 гаруй уран бүтээлчийн 400 гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлэв. 

 

Монголоос уригдсан Т.Энхболдын хувьд, монгол гэрийг оролцуулан хийдэг үйлдлийн урлаг, хомоол, төмрийн зэв, таар, үнс сэлтийг ашигласан том хэмжээний зургуудаараа хэдийнэ танигдсан билээ. Өөрийн урласан монгол гэрийн загварыг үүрээд эх орныхоо хөдөө нутгаас эхлэн Солонгосын Чежү арал, Финландын Хелсинк, Голландын Роттердам, Хятадын Шанхай, Иньчуан, Английн Манчестер, Италийн Венецийг зорьсон нь өдгөө Австралийн Брисбенд үргэлжилж байна. 

Далайн эрэг дээр, явган хүний замаар, музейн гадаа эсвэл хурдны замын хажуухантай гэрээ бариад дотор нь ороод хэвтэнэ, элсэнд нүүрээ шигтгэн бачуурна, зулай дээрээ сүү асгана, тоононоос уясан чулууг эргүүлж гарна. Уламжлалт соёл сэтгэлгээ, нүүдэлчин ахуйг орчин үеийн урлагтай сүлсэн, зөвхөн түүнд л хамаарах эл онцгой арга барил нь даяаршсан ертөнц дэх хүний дотоод орон зай, мөн хүрээлэн буй орчны харилцааны тухай асуудлыг дэвшүүлдэг юм. 

Тэрбээр тус триенналийн нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн сарын 25-нд Брисбен хотын Курилпа гүүрээр алхан, Күйнслэндийн Орчин үеийн урлагийн музейн гадаа талбайд ирж, үйлдлийн урлагаа гүйцэтгэсэн юм. “Дүрслэл, чимээ болон үнэрээр дамжуулан оюун санааны эргэцүүллийг бий болгохыг хичээдэг. Миний төслийн гол зорилго нь янз бүрийн газруудтай холбоо тогтоон, өөрийн гараар барьсан гэртэйгээ аялан, нүүдэлчний соёлыг танилцуулахад оршиж буй юм. Хүний амьдрах сууц, байгууламжийн тухай ойлголт нь харилцаа, орон зай, үйлдлийн хязгаарлалтуудын тухай эргэцүүлэлтэй холбоотой” хэмээн Т.Энхболд уран бүтээлийнхээ талаар тайлбарлаж байна. 

Ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Ази, Номхон далайн бүсдээ эдийн засгаар тэргүүлэх Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Сингапур зэрэг орон, түүнчлэн зохион байгуулагчдын зогсолтгүй эрэл хайгуулын хүчинд олон улсад тэр бүр харагдаад байж чаддаггүй орнууд, жижиг арал улсуудын шилдэг уран бүтээлчид бүгд мөр зэрэгцэн оролцдог байна.     

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Күйнслэндийн Орчин үеийн урлагийн музейтэй хамтран ажиллаж, монгол уран бүтээлчдийг Ази, Номхон далайн триеннальд хоёр дахь удаагаа оролцуулж буй нь энэ юм. 2015 онд зохион байгуулагдсан найм дахь удаагийн триеннальд уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү нар оролцсон билээ. 

 

Э.Баярсайхан