Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Пентагоны тэргүүнийг хоёр сарын өмнө явуулахаар болж, үүрэг гүйцэтгэгчийг томилов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зэвсэгт хүчний тэргүүнийг албан тушаалаас нь чөлөөлж байгааг Дональд Трамп зарласан билээ.

Генерал Жэймс Мэттис ирэх оны хоёрдугаар сарыг дуустал ажиллах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл Трамп түүний явах хугацааг наашлуулж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Оронд нь Пентагоны дэд тэргүүн Патрик Шанаханыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан байна.

Жэймс Мэттис Сириэс цэрэг гаргах асуудлаар АНУ-ын ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгааг өргөдөлдөө бичсэн байв.

Тэр бас Трампын холбоотнуудтайгаа зохисгүй харьцаж байгааг нь хатуу шүүмжилжээ. Мэттисийн өргөдөл олон нийтэд ил болсон нь Трампыг бухимдуулж, Пентагоны тэргүүнийг солих ажлыг түргэсгэхэд хүргэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Бямба гарагт Трамп твиттер хуудсандаа генерал Мэттис рүү дайрч давшилжээ. “Ерөнхийлөгч Обамагийн үед нэр хүнд муутай халагдсан Жим Мэттист би хоёр дахь боломж олгосон. Зарим хүмүүс ингэх хэрэггүй гэлцэж байхад би дэмжиж байв” гэж тэр бичсэн байна.

Жэймс Мэттис 2010-2013 онд АНУ-ын төв бүсийн командлагчаар ажиллаж байсан тэнгисийн цэргийн дөрвөн таван хошуутай генерал хүн.

Түүний Ирантай холбоотой байр суурь таалагдаагүй тул Барак Обама албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг. Мэттисийн ажлыг үргэлжлүүлэх Шанахан нь 2017 оны зургаадугаар сараас Пентагоны дэд тэргүүнээр томилогдон ажилласан. Үүнээс өмнө тэр төрийн албанд огт ажиллаж байгаагүй, Боинг компанид гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider