Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөгний хүйсийг тодорхойлдог болсноор олон тэрбум дэгдээхэйн устгалыг зогсоох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Германы эрдэмтэд тахианы өндгийг дарж эхлэхээс өмнө хүйсийг нь тодорхойлох арга олжээ. Ингэснээр дэлхий даяар жил бүр олон тэрбум эр дэгдээхэйг устгадаг харгис явдлыг зогсоох боломжтой болж байна.

“Seleggt” нэрээр патентлагдсан энэ аргаар өндгийг гарснаас нь хойш 9 өдрийн дараа хүйс тодорхойлох боломжтой. Хэрвээ өндөгний хүйс эр байвал хүнсэнд зориулж, эм байвал дарж дэгдээхэй болгодог болжээ.

Хүн тахиаг үржүүлэхдээ өндөг, эсвэл махыг нь хүнсэнд хэрэглэх хоёр л зорилготой байдаг. Харамсалтай нь махны зориулалтаар сонгосон өндөгнүүдээс гарсан дэгдээхэйнүүдийн тал нь л ашиглагддаг.

Эр дэгдээхэй нь богино хугацаанд өсөж томордоггүй учраас эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзээд бөөнөөр нь устгадаг. Амьтны хүрээлэнд араатны хоол болгохоос өөр үр ашиг гардаггүй байна.

Дэлхий даяар жил бүр 4-6 тэрбум эр дэгдээхэй ийм шалтгаанаар устгалд ордог.

Тэгвэл одоо ингэх шаардлагагүй болж, өндгийг дарахаас өмнө хүйсээр нь ялгах, ангилах боломжтой болж байна. Лэйпцигийн их сургуулийн профессор Алмут Эйнспанер тахианы аж ахуйн захиалгаар жирэмсний тесттэй адил химийн маркер бий болгожээ.

Уг маркер нь эм өндөгөнд ихээр байдаг дааврыг хэмждэг юм. Тахианаас гараад 9 хонож байгаа өндөгнөөс авсан шингэнтэй уг маркерыг холиход 98.5 хувийн нарийвчлалтайгаар хүйсийг нь тодорхойлдог байна.

Уг аргыг бий болгосны дараа Нидерландын HatchTech компани үйлдвэрлэлд ашиглах машиныг зохион бүтээжээ.

Өндөгнүүдийг 21 хоног инкубаторт байлгасны дараа өндөг дарах үйл явц эхэлдэг байна. Тэгвэл инкубатороос хоёр цагаас удаан ил гаргах боломжгүй өндгийг гэмтээхгүй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд, богино хугацаанд хүйсийг нь тогтоох хэрэгтэй байв.

 

Зохион бүтээсэн машин нь өндөгнөөс шингэний дуслыг авахын тулд лазерын тусламжтай 0.3 мм-ийн хэмжээтэй нүх үүсгээд түүгээрээ агаарын даралт өгдөг байна. Ингэж гаргасан дусал шингэнээр хүйсийг тодорхойлдог ажээ. Автомат машин нь өндөг тус бүрт огт хүрэлгүйгээр нэг секунд зарцуулдаг байхаар бүтээгдсэн байна.

Өнгөрсөн сард ийм арга технологи нэвтрүүлсэн тахианы анхны аж ахуй Берлиний супермаркетад өндөгнүүдээ “Respeggt” гэсэн таних тэмдэгтэй нийлүүлж эхэлжээ. Энэ нь эр дэгдээхэйг устгалд оруулдаггүй үйлдвэрлэгч гэсэн таних тэмдэг болж байгаа гэнэ.

Шинэ аргыг удахгүй Герман даяар нэвтрүүлж, цаашдаа Европыг хангах төлөвлөгөөтэй байна. Ингэж чадвал хэдхэн жилийн дараа дэлхий даяар олон тэрбум эр дэгдээхэйг устгадаг, үр ашиггүй, харгис үйлдэл арилах юм.

 

Эх сурвалж: The Guardian