Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилд хэвлэгддэг Япон сонин 72 жилийн дараа хаагдахаар болов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Япон хэлээр Бразилд гардаг “Сан Пауло Шимбун” сонин 72 жилийн дараа хаагдахаар болсныг өчигдөр зарлажээ.

Тус сонины хамгийн сүүлчийн дугаар нэгдүгээр сарын 1-ний өдөр уншигчдынхаа гарт хүрэхээр болсон байна. Дэлхий дээр хамгийн олон япон цагаачид амьдардаг Бразилд 1946 оны аравдугаар сарын 12-нд “Сан Пауло Шимбун” анх хэвлэгдэн гарч байжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд япон хэлтэй уншигчдын тоо буурснаас сонины борлуулалт нь мөн буурсан байна. Сонины мэдээлж байгаагаар одоо тэдний уншигчдын 90 хувь нь нэг болон хоёрдугаар үеийн япон цагаачид байгаа ба тэдний дундаж нас 80 гарсан гэнэ.

Өөрөөр хэлбэл уншигчид нь нас барахтай зэрэгцэн сонины борлуулалт унаж байгаа юм байна.

Цагаачдын үр удам болох шинэ үеийнхэн япон хэл бичиг хэрэглэхээ больж, португаль хэлээр харилцах болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Бразил дахь япончуудын зарим нь Япон улс дайнд ялсан гэж итгэж, зарим нь ялагдсан гэж үзэж байснаас мөргөлдөөн гарч, 20 гаруй хүн амиа алдаж байсан гэнэ. Үүний дараа япон хэл дээр үнэн бодит мэдээлэл өгөх хэвлэл хэрэгтэй болсныг ойлгосон хүмүүс “Сан Пауло Шимбун”-ийг үүсгэн байгуулжээ.

Өнгөрсөн хугацаанд тус сонин япон хэлээр гардаг өөр хоёр сонинтой өрсөлдөж байсан юм. 1998 онд нөгөө хоёр сонин нь нэгдэж “Никкэй Шимбун” болсон нь одоо Бразилд үлдэж байгаа цорын ганц япон хэвлэл болж байна.

 

Эх сурвалж: Japan Times